ӨНӨӨДӨР: “Рио Тинто” Тусгай хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээ ТУЗ-д мэдэгдэнэ

2021 оны 09 сарын 08

Өнөөдөр /2021.09.08/  “Оюу Толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/ хуралдана. 14.00 цагт эхлэхээр товлогдсон ТУЗ-ийн энэ удаагийн хурлаар хэлэлцэгдэх асуудлууд анхаарал татаж буй.

 

Компанийн ТУЗ-ийн шийдвэрээр байгуулагдсан хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн Тусгай хороо далд уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсэн нь геотехникийн шалтгаан нөхцлүүдээс болоогүй,  “Рио Тинто”-гийн менежментийн алдаатай холбоотой гэсэн агуулга бүхий дүгнэлтийг өнгөрсөн сард гаргасан юм.

Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр ТУЗ-ийн хурал болсон ч, “Рио Тинто”-гийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болд өөрийнхөө оронд өөр хүн явуулсан учраас далд уурхайн асуудлаар  хөндлөнгийн шинжээчдийн гаргасан тайлан, дүгнэлттэй холбоотой албан ёсны хариултыг ТУЗ-ийн гишүүд  “Рио”-гоос авч чадаагүй гэсэн мэдээллийг өгсөн.

Тэгэхээр өнөөдөр болох хуралдаанд ТУЗ дахь “Рио Тинто”-гийн төлөөллүүд оролцож, бусад гишүүдэд ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгөх шаардлага үүсээд байна.

Манай сайт ТУЗ-ийн хурлыг угтан өчигдөр /2021.09.07/ ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Солонгоотой ярилцсан.

Түүнээс  “Шинжээчдийн зүгээс зөвлөөд буй  далд уурхайн зардал  хэтрэлтийн шалтгаануудыг нарийвчлан тогтоох санхүүгийн аудит хийх эсэх шийдвэрийг “Оюу Толгой”-н ТУЗ гаргах ёстой байгаа. Засгийн газарт хамтдаа захидал илгээсэн “Рио Тинто”, “Туркойз Хилл”-ийн ТУЗ дахь төлөөллүүд маргааш болох хуралд ямар байр суурийг илэрхийлэхээс дараа дараагийн олон асуудал хамаарах байх?” хэмээн тодотгон асуухад: 

“Компанийн сайн засаглалын зарчим, жишгийг дагавал энэ шийдвэрийг “Оюу Толгой” компанийн ТУЗ гаргах нь оновчтой. Аль ч компанийн ТУЗ-ийн үндсэн чиг үүрэг нь гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах шүү дээ. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр хэтэрч, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилсон нь хувьцаа эзэмшигчдэд очих төслийн үр өгөөжийг бууруулсан. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэх удирдлага хангалттай сайн ажиллаж байна уу, сайжруулах, анхаарах зүйл юу байна гэдэгт төвлөрч ТУЗ шийдвэр гаргах шаардлагатай. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг “Оюу Толгой” компанийн ТУЗ-өөр баталж байсан, хувьцаа эзэмшигчид гүний уурхайн бүтээн байгуулалтын алдаа, асуудал юу байсан талаар тодорхой мэдээлэлтэй боллоо. Цаашид “Оюу Толгой” компанийн засаглал сайжирч, ил тод ажиллана гэдэгт найдаж байна.

“Эрдэнэс Оюу Толгой”  компаниар дамжуулан бид цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа оруулна. Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүд хэлэлцээд шийдвэрлэх биз ээ” гэхчлэн байр сууриа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top