Германы сонгууль: Меркелийг хэн залгамжлах вэ?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27


Өнгөрсөн амралтын өдөр болсон Германы Бундестагийн /парламент/ сонгуулийн урьдчилсан дүн гэрчээ.

Санал хураалтын дүнгээс үзвэл, Социал демократ нам /СДН/ 25.7 хувийн санал авч, ялалт байгуулсан бол Христийн ардчилсан холбоо нам 24.1 хувийн санал авч, удаалав. Канцлер Ангела Меркелийн намын хувьд энэ нь түүхэндээ авч буй хамгийн бага санал юм.

Ногоон нам 14.8 хувь, Чөлөөт ардчилсан нам 11.5 хувь, Германы Альтернатив нам 10.3 хувийн санал авч, парламентыг бүрдүүлэх боллоо. Харин Зүүнтний нам 4.9 хувийн санал авч, таван хувийн босгыг давж чадаагүй ч Берлин болон Лейпциг хотод гурван мандат авснаар парламентад суудалтай болж байна.

Өдгөө Герман улсыг шинэ Засгийн газраа бүрдүүлэх хүнд үйл явц хүлээж байна гэж Германы N-TV телевиз мэдээлжээ.

ХБНГУ-ын Канцлерт Социал демократ намаас нэр дэвшигч Олаф Шольц “Ард иргэд сонголтоо хийлээ. Иргэд Социал демократыг намыг тэргүүлэх ёстой гэж шийджээ. Энэ бол том амжилт. Биднийг урт үдэш хүлээж буй нь тодорхой. Олон сонгогч Социал демократ намыг сонгосон байна. Учир нь тэд Засгийг газрыг өөрчлөхийг хүсэж байна. Энэ улсын дараагийн канцлерыг Олаф Шольц гэж нэрлэдэг байхыг хүсэж байна” гэж дэмжигчдийнхээ өмнө мэдэгджээ. Тэрбээр “Социал демократ, Ногоон болон Чөлөөт Ардчилсан намууд хүчтэй байна. Иргэд энэ гурван намыг дараагийн засгийн газарт орохыг хүсэж байна. Харин Христийн Ардчилсан холбоо нам сөрөг хүчин болох ёстой” гэж тэрбээр онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top