Грета Тунберг дэлхийн удирдагчдыг дахин “бут ниргэв”

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

 

Шведийн байгаль орчныг хамгаалагч Грета Тунберг дэлхийн удирдагчдын уур амьсгалын хямралын асуудлыг шийднэ гэсэн амлалт нь зөвхөн “бла, бла, бла” байсан гэж шүүмжилжээ.

Guardian” хэвлэлд бичснээр, АНУ болон Европын Холбооны гишүүн орнуудын төрийн тэргүүн нар энэ зууны дунд үе гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэж, ногоон эдийн засгийг бий болгоно гэж мэдэгдэж байсан гэж Грета Тунберг тодруулсан байна. “Ногоон эдийн засаг. Бла, бла, бла. 2050 он гэхэд тэг нүүрстөрөгч. Бла, бла, бла. Сайхан сонсогддог үгс. Гэхдээ ажил хэрэг болоогүй л байна. Бидний найдвар, ирээдүйн зорилго хоосон амлалтад живж байна” гэж Тунберг Италид болж буй “Youth4Climate” залуучуудын экологийн чуулга уулзалт дээр үг хэлэхдээ онцолжээ.

Залуу идэвхтэн дэлхийн удирдагчдын уур амьсгалын асуудалд хандах хандлагыг “санаатай үл үйлдэл”, “одоо бөгөөд хойч үеэсээ урваж буй явдал” хэмээжээ.

Залуучуудын “Youth4Climate” чуулга уулзалт Италийн Милан хотноо энэ сарын 28-30-нд болж байна. Арга хэмжээнд 15-29 насны 400 залуу төлөөлөгч оролцож байна. Чуулга уулзалтыг Италийн Засгийн газар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцид оролцогчдын бага хурлын 26-р чуулганы дээд хэмжээний уулзалтыг даргалах тухай Их Британитай байгуулсан түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцид оролцогчдын бага хурлын 26-р чуулганы дээд хэмжээний уулзалт ирэх арваннэгдүгээр сард Шотландын Глазго хотноо болно. Уулзалтад 200 орчим улсын төлөөлөгчид оролцоно. Арваннэгдүгээр сарын 1-2-нд дэлхийн удирдагчдын уулзалт болох бол дээд хэмжээний уулзалт хоёр долоо хоног үргэлжлэх юм. Энэ үеэр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэх асуудлаар хэд хэдэн баримт бичиг гаргахаар төлөвлөж байна.

 

 

Top