Өдөр тутмын сонин захиалах нь хүүхдийн төлөвшилд тустай

2021 оны 10 сарын 28

Өдөр тутмын сонин хүүхдийн төлөвшилтэй ямар холбоотой юм бэ гэж болох юм. Тэгж яривал хүүхдүүд сонирхох уу гэдэг асуулт ч гарч болно. Үнэндээ, өдөр тутмын сонинг чухамдаа уншуулахын тулд л хийдэг билээ. Өөр мэдээллийн хэрэгслээс мэдэж авахад хүнд, албаны сэдвүүдийг өдөр тутмын сонины мэргэшсэн сэтгүүлчид илүү нухацтай, энгийнээр хүргэхээр ажилладаг.

Мэдээллийн хэрэгсэл дотроо олон янз. Тэр бүрдээ давуу болон сул талтай. Тухайлбал, сонин яг үйл явдлыг газар дээрээс нь хүргэж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Харин тухайн мэдээллийн уг агуулгыг илүү олон төрлийн эх сурвалжтайгаар хүргэдэг.

Тодорхой хэлбэл өдөр тутмын сонин зөвхөн үнэн мэдээлэл нийтэлдэг гэсэн үг. Товчхондоо, хэн нэгэнд биш уншигчдадаа үйлчилдэг байгууллага. Энэ бол мэдээллийн зах хязгааргүй урсгалд хөл алдсан өнөө цагт хамгийн үнэт зүйл юм. Иймээс ч сонины уншигчид жил ирэх бүр нэмэгдсээр байна.

Хүүхдэд тустай тухайд хоёр жишээ татъя. Эцэг, эх нь сонин ном уншдаг гэр бүлээс гаралтай хүүхдүүд бусдаас илүү унших дадалтай болсон байдаг. Еврей үгэнд “Хүүхдийг ном уншуулах гэж шахах хэрэггүй. Өөрөө уншдаг бай” гэсэн бий. Сонин хэрэгцээтэй үнэн зөв мэдээллээр хангахаас гадна гэр бүлдээ үлгэр жишээ үзүүлэхэд хамгийн сонгодог арга юм. 

Нөгөө талд мэдээж таниас үлгэр жишээ авсан өсвөр насны хүүхдүүд сонин уншиж сурсанаар нийгмийн чиг баримжааны хувьд илүү буртаггүй зөв мэдээлэлтэй болно. Үүний ашиг тусыг бол тоочоод барамгүй шүү дээ. Төрийн албаны шат дамжлагын талаарх мэдлэг нь зузаарч, хэрэв өөрийнхөө эрхийг зөрчигдвөл хэрхэн хамгаалах тухайг харж авах бол наад захын жишээ. Тэгээд цаашаа элдэв худал үймээнд сохроор оролцохоос сэргийлж ч болно. Ядаж л юмны наад, цаадхыг ойлгодог амар тайван аж амьдралыг өөртөө олж авна гэдэг том олз шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top