ОЛОН ӨНГӨ: Хариуцлага

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүн коронавирусний халдвараар өвчлөөгүй 2.7 сая хариуцлагатай иргэнд талархлаа илэрхийлж, нэг удаагийн урамшуулал олгох санал гаргалаа.

Тэдгээр хариуцлагатай иргэддээ “Нэг удаагийн дэмжлэг юм уу сувилалд хамруулдаг ч юм уу, 2022 оны төсөвт ч гэсэн иймэрхүү хүмүүстээ яаж хандах талаар бодолцох хэрэгтэй” гэсэн юм.

Энэ шийдвэрээс болж халдвар авсан хүмүүс нь хариуцлагагүй, хайнга, хачин хүн болж таараад  явчих шиг.

Нийгмийн идэвхтэй, олон хүнтэй харилцдаг, гэртээ тогтдоггүй үргэлж ажилтай, хөдөө гадаа явдаг хүмүүс байтугай гэрээс гарч гэдэс алдахгүй, гам бариад нам сууж байгаа хэнбугайг ч энэ халдвар ялгахгүй. Хариуцлагатай нь ч байна уу, хариуцлагагүй нь ч байна уу тусахаа хүрвэл тусаж л таарна. Зарим нь тусаад эдгэснээ ч мэдэхгүй тууж л яваа.

Тэгэхээр манай ухаант төр засгийн бодлоор ковидын халдвар тусаагүйгээ нотлох гэж цэмбийж, туссанаасаа ялгарч цолгорч явах ёстой аж. Тэр ч бүү хэл зарим нь дээрх ивээлийг хүртэхийн тулд халдвар туссанаа нууж хаацайлж, нуугдаж нугдайж явж байгаад өвчнөө хүндрүүлэх болох нь. Гараа сайрттал угааж, хүчилтөрөгчийн дутагдалд ортол маскаар баглуулж, хүн хүнээс цэрвэж, хөлөө хүлж олон сар өдөр тэссэний эцэст нэг л гэнэ алдаад ковидын халдвар авсан олон хүн бий. Тэднийг одоо хариуцлагагүй гэх үү. Зарим нь эмнэлэгт хэвтэж биеэ эмчлүүлж байгаад эмнэлгийн орчноос ч халдвар авчихсан тохиолдол олон. Тэднийг бас хайнга гэх үү. Тэгж ярих юм бол вакцин тариулаад халдвартай гарчихсан ч хүмүүс бий. Тэднийг хачин гэх үү. Одоо хамгийн чухал нь ковидын халдвар авсан иргэдийнхээ биеийг нөхөн сэргээх, архаг хууч өвчнийг эдгээж, эрүүлжүүлэх, тусах магадлалтай эрсдэлт бүлгийн хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарах л хариуцлага болоод байна шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top