Монгол төрийг чадавхгүй болгосон хуулийн заалтад хамаг учир байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

-Цар тахал эхэлснээс хойш 1036 хүнийг ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр төрийн удирдах албан тушаалд томилжээ-

Төрийн албан зөвлөлийн 2020 оны тайланд “Төрийн албан дахь улс төрийн албан тушаалтны нөлөөлөл буураагүй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ,тэдгээрийн орлогч, ИТХ-ын дарга нарын зүгээс намын харьяаллаар хууль зөрчиж томилгоо хийдэг явдал цөө­рөхгүй байна. Улмаар төрийн албаны чадавхыг сул­руулах, төрд хохирол учруулах, тогт­воргүй байдал бий болгох, эрс­дэл бий болгож байна. Төрийн албаны улс төрөөс ангид байх зарчим бодит амьдрал дээр хэрэгждэггүй” хэмээн өгүүлжээ.

Энэ бол төрийн албаны жинхэнэ дүр төрх. Төрийн албаны хуулийг шинэчлээд ч амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн илрэл гэж болно. Иймд улс төрийн албан тушаалтанд энэ чиглэлээр хариуц­лага ногдуулах  эрх зүйн ор­чин бүрдүүлэх шаардлагатай аж.

Улстөрчид нүүрэн дээрээ төрийн албыг цомхон, чадварлаг, тогтвортой байлгах талаар ярьдаг ч хачир дээрээ мянгаар тоологдох томилгоонд оролцож буйг Төрийн албаны зөвлөлийн мэдээллээс харж болно. Монгол Улсад өнөөдөр төрийн албанд томилгоо хийх эрх мэдэл улс төрийн албан тушаалтнуудын гарт оршсоор байгаа. Тиймээс Төрийн албаны зөвлөл нөгөө “шүдгүй арслан”-гийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буйгаа өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдийн өмнө учирлав.

Тэдний өгсөн мэдээллээр КОВИД-19 цар тахлын нөлөөллийг бууруулах хуулийн хүрээнд 1036 хүнийг ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр төрийн удирдах албан тушаалд томилсон байна. Үүний 30 гаруй хувийг төрийн  захиргааны албан тушаалтан эзэлжээ. Цар тахал эхэлснээс хойш төрийн албан дахь хууль бус томилгоо ийнхүү хил хязгаараа алдсан. Тэгвэл энэ байдал гаарсаар  он гарсаар төрийн 180 байгууллагад 519 хууль бус томилгоо хийснийг мөн тогтоожээ. Төрийн албаны зөвлөлд энэ онд хууль бус томилгоотой холбоотой 568 гомдол ирсний дүнд дээрх үйлдлүүд илэрсэн байх юм. Ерөнхийдөө төрийн албаны томилгоотой холбоотой гомдол мэдээлэл эрс өссөн байна.

ЯАМ, АГЕНТЛАГУУДХУУЛЬ БУС ТОМИЛГООНЫ ҮҮР БОЛЖЭЭ

Үүнийг гэрчлэх хамгийн сүүлийн жишээ бол сарын гаруйн өмнө Засгийн газрын хуралдаанаар хийсэн Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоо. Тухайн үед төрд дор хаяж 16 ажилласан байх ёстой, үүнээс найман жилийг нь газрын даргын албан тушаалд ажилласан байх зэрэг шаардлагад нийцээгүй хүнийг яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон юм. Үүнийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан тайлбарлахдаа “Засгийн газар, Төрийн албаны зөвлөлтэй зөвлөлдөхгүйгээр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсон.

Бид хуулийн шаардлага хангасан хүнийг томилох шаардлагыг тавьсан. Өмнөөс Коронавирусийн үеийн хуулиар томилсон гэдэг хариултыг өгсөн. Нэгэнт хууль нь ийм байгаа учраас бид арга хэмжээ авах боломжгүй” гэв. Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд төрийн өндөр албан тушаалын томилгоог сонгон шалгаруулалт хийх замаар ил тод явуулахыг зөвлөж ирсэн ч цар тахлын хууль үүнд хаалт болоод буй аж. Цар тахал гарснаас хойш төрийн албанд энэ мэт мянгаар тоологдох томилгоо хийгдсэний дотор улстөрчдийн хүүхдүүд гэх бүхэл бүтэн анги гарч ирнэ. 

Үүнээс гадна бус томилгоо хийсэн төрийн байгууллагуудыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар,  Төрийн худалдан авах ажиллагааны газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулах хөгжлийн газар, Дотоод аудитын газар, Баянгол, Чингэлтэй дүүрэг, Увс, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрууд багтжээ. Төрийн албан дахь хууль бус томилгоо орон нутагт хяналтгүй явагддаг гэдгээрээ алдартай. Тэгвэл энэ удаад Хөвсгөл 93, Увс 90, Архангай 88 хууль бус томилгоо хийснээрээ тэргүүлсэн байна.

ХУУЛЬДАА БИШ ХҮНДЭЭ БАЙГААГ ХУУЛЬ БУС ТОМИЛГОО ИЛТГЭВ

Эдгээр жишээнээс Төрийн албан тухай хууль ашиглалтаас гарч, Төрийн албаны зөвлөл ажилгүй болсныг КОВИД-19 холбогдуулан гаргасан урт нэртэй хуулийн хэрэгжилттэй холбоотой гэдгийг шууд холбож болох нь. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчид төрийн албаны томилгоонд оролцох эрхээ ямар нэг арга саам хайж хадгалсаар байна гэсэн үг. УИХ-аас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан. Энэ нь эргээд Төрийн албаны хуулийн шинэчлэлээ үндсээр нь үгүйсгээд байгаа.  УИХ 2017 онд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2019 оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Гэтэл УИХ 2020 онд цар тахлын эсрэг хууль батлахдаа, “Албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэлээр зогсоох” гэж агуулга оруулснаар төрийн албаны томилгоог ямар ч сонгон шалгаруулалтгүй хийж эхэлсэн юм. Улмаар уг шинэчлэлийн гол автор, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны хуулийн үндсэн дөрвөн гол зарчим бий. Төрийн албыг тогтвортой байлгах, хариуцлагатай, мэргэжлийн, улс төрөөс ангид байлгах зарчимтай” хэмээж байсан ч талаар болов. 

Эцэст нь намууд төрийн албыг цомхон байлгахын эсрэг алхсаар байгааг улс төрийн оролцоотой хууль бус томилгоо нэмэгдсэнтэй шууд холбож болох аж.  Төрийн албан зөвлөлийн 2020 оны тайланд “Улс төрийн намаас түдгэлзсэн ч урьд нь гишүүнчлэлтэй байсан намын болон улстөрчдийн оролцоотойгоор төрийн жинхэнэ албанд томилогдон хууль зөрчиж болдог гэдэг хуучин ойлголтоосоо салаагүй байгаагаас, хууль зөрчих үйлдлийг санаатай гаргаж байна. Түүнээс гадна төрийн захиргааны албанд ажиллаж байгаагүй хүмүүсийг төрийн албан тушаалд хууль зөрчин томилгоо хийдэг” гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top