Цахим хуудсаар “Ээ бурхан минь, говийн хүүхэнтэй суултгүй юм байна” гэсэн үг цуварч байна.
Яав, ийв болоод орж үзтэл нэгэн бичлэгээр говийн бүсгүй бууран тайлгийг богтолж унагаад хамрыг нь бурантаглаад, бүр эцэст нь хөнгөлчих юм. Сүрлэг том биетэй адгуус амьтан шавилхан эмэгтэйн гарын аясаар нумран сууж, нуран унаад хүзүүн дээрээ дөрлүүлэн хамраа буйллуулаад, хөлөө дөнгөлүүлэн хөнгөлүүлж байгаа дүрс бичлэгийг олон хүн үзээд гайхан шагшиж, сүрдэн эмээж байх нь тэр.
Нүүдэлчин монгол ахуйд өссөн хүмүүст сонин биш ч суурин хөгжилтэй хотын хүмүүст содон зүйл мэт санагдах. Зарим нь эм хүн мал засдаггүй гэж шүүмжлэх, зарим нь Монголоо алдсан юм хэмээн эгдүүцэх. Мал хөнгөлөхөд гэрийн эзний ивээл жилтэй ойр хавийн саахалт эрчүүд ирж дэм тус болдог эртний уламжлалтай. Энэ зан үйлийн өмнө аргал арц уугиулан эцэг мал тавих бол дээжинд нэгийг гарган бусдыг эхлэх учиртай хүрээ татан сүү урсган түүн дээгүүр давуулан зассан бог малынхаа засааг цэгээн усанд хийн бод малын засааг дөрвөн туурайнд арчин хамарт үнэрлүүлэн идэх хүмүүст өгдөг байна. Үүнийг идэх гэж очсон хүмүүс хоосон очдоггүй гар цайлган авдаг бол мал хөнгөлж буй хүмүүсийн гарыг мөн цайлгадаг уламжлалтай.
Мал хөнгөлөх үед ёс бус үг хэрүүл хараал хийхгүй байх, архи уусан хөлчүү хүмүүсийг хол байлгадаг домтой. Олон нийтийн сүлжээнд бүсгүй хүн мал хөнгөлж буй нь зохимжгүй хэмээснийг үл тосож говь нутгийн онцлог, аж амьдралын тухай товчхон өгүүлсү. Говийн хүүхнүүдийн өдөр тутамдаа амжуулдаг эгэл бор ажил мундахгүй их ээ. Сүү цагаан идээгээ боловсруулах, аргал хөрзөн бэлдэх, үйл үртэс оёх, гэр хороогоо цэвэрлэх, үр хүүхдээ өсгөх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гээд амсхийх завгүй. Арайтай л мал муулах нь холгүй. Зарим үед амьдралын шаардлагаар эд бад хийдэг л байх. Саяхан нэг “The woman” кинон дээр эмэгтэй хүн хонь гаргаж байна лээ.
Энэ мэтчилэн эзэнгүйрч, хулширсан зэлүүд хөдөөд эрчүүд нь ховордож эмэгтэйчүүд нь турьхан гараараа хар бор ажлыг нугалж байгаа нь бишгүй бий шүү. Харин эрчүүд минь хаана, юу хийж яваа юм бол. Гар утасны цаана өндгөө эвэрштэл тоглоом тоглож, хүн муулж, хэрүүл өдөж суухаар гадаа хөдөө гарч гандаж яваа хүүхнүүддээ хань түшиг болоосой. Эвгүйдвэл говийн хүүхнүүд эрчүүдээ бусгаж унагаад, бурантаглаж ногтлоод, буур шиг агталчихна гэж эмээгээгүй л байлтай.
Сэтгэгдэл ( 0 )