ААНБ-ын тооллого ковидын нөлөөллийг зөв тооцоход чухал гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01

Үндэсний статистикийн хороо өнөөдрөөс /2021.11.01/ эхлэн Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллогыг эхлүүллээ.

Сарын турш үргэлжлэх тооллогын зорилго, ач холбогдол, тооллогод хамрагдах шаардлагын талаар Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар мэдээлэл хийлээ.

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн “Тооллого нь зөвхөн аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчдийн тоог гаргах бус, Монгол Улсын эдийн засгийн цогц судалгаа болно” гэдгийг онцлоод ААНБ-ын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн инноваци, судалгаа хөгжүүлэлт, технологийн хөгжлийн нэвтрэлт, ажиллах хүчний хангамж, хүрэлцээ, хомсдол, хүрэлцээгүй байгаа шалтгаан, зөвшөөрөл олгох,сунгах үйл явц, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад төрийн байгууллагын зүгээс үзүүлж буй дарамт зэрэг нарийвчилсан тоон мэдээлэл тооллогын үр дүнд бий болно гэж хэллээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ААНБ-ын энэ удаагийн тооллого нь цаг үеийн хувьд ач холбогдолтой зохион байгуулагдаж байгааг дурдаад тооллогын дүнд цугласан мэдээллийг ашиглан Монголын эдийн засгийг зөв дүгнэх, ковидын нөлөөллийг зөв тооцох, улмаар эдийн засгийг богино хугацаанд эрчимтэй сэргээх бодлогыг боловсруулахад тооллогын дүн гол бааз суурь болно. Мөн тооллогын явцад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд учирдаг дарамт, хүндрэлийн талаарх мэдээллийг цуглуулснаар бизнес эрхлэхэд тулгарч буй дарамтыг бууруулах чиглэлээр ямар бодлого шаардлагатай байгааг тодорхойлох боломжтой гэв.

Энэ удаагийн тооллогод эдийн засгийн бүх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, тэдгээрийн нарийвчилсан “Нэгдсэн мэдээллийн сан” бий болгох, улмаар бодлого, төлөвлөлтөд ашиглах юм. Тооллогыг цахим хэлбэрээр буюу https://toollogo.1212.mn хуудсаар энэ сарыг дуустал явуулах бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэгддэггүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллагуудыг тооллогод хамруулна. Цахимаар хамрагдах боломжгүй хувиараа хөдөлмөрч эрхлэгч, иргэдийн хувьд 75331212 утсаар холбогдон хамрагдах боломжийг бүрдүүлжээ.

2021 оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 200 гаруй мянган ААН бүртгэлтэй байгаа бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгч 200 орчим мянган иргэн байна. Мэдээллийн үеэр нийт ААНБ, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top