УИХ-аар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас долоо хоног бүр хэвлэлийнхэнд төслийн талаар мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулж байгаа юм. Засгийн газрын сайдууд өчигдөр 2022 оны төсвийн төслийн талаар эдийн засаг болон улс төрийн албаны сэтгүүлчидтэй уулзан, асуултад хариулж, мэдээлэл өглөө. Тус уулзалтад Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Батлан хамгаалахыг сайд Г.Сайханбаяр, болон Соёлын сайд Ч.Номин нар оролцов. Энэ үеэр хэд хэдэн зүйлийг онцлон хэлсэн юм.
5-11 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛНА
Эрүүл мэндийн салбар болон Эрээн хотын хил хаасантай холбоотой цаг үеийн асуултуудад Шадар сайд С.Амарсайхан хариулав.
-Эм ханган нийилүүлэх төвүүд болон эмийн сангуудаар тасарсан эм, тариаг хэзээ татан авах вэ. Эсвэл хомсдолтой нөхцөл байдалд амьдарсаар байх уу?
-Эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 58 байгууллагаас долоо хоног бүр мэдээлэл аван ажиллаж байгаа. Тасалдсан болон тасалдаж болзошгүй эм, тариа, эмийн хэрэгслийн хангамжтай холбоотой татан авалтын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тасалдаж болзошгүй эм тариа 14 хоногийн нөөцтэй хэмээн мэдээлсэн. Урд хөршийн талаас хилээ нээхгүй нэг сар эсвэл хоёр сар ч болж магадгүй. Тиймээс энэ сард татан авахтай холбоотой эм, тариа, тасалдаж болзошгүй хүнсний ногоо, бараа бүтээгдэхүүнүүдийг татан авахаар Хятадын талтай ярилцсан. Зам тээврийн яамаар дамжуулан 300 вагоны захиалга өгсөн байгаа. Эхний вагонууд энэ сарын нэгний өдрөөс орж ирсэн. Манай улсад тасалдаж болзошгүй эм, эмийн хэрэгсэл 18, эмийн хэрэгслийн шаардлагатай бүтээгдэхүүн 10 төрөл байна. Зөвхөн Эрээний хил гэлтгүй Гашуунсухайт, Боршоо зэрэг бусад боомтуудаар, шаардлагатай тохиолдолд онгоцоор татан авахаар төлөвлөөд байна. Ойрын өдрүүдэд Бээжин болон Сөүл рүү дөрвөн онгоц нисгэнэ. Энэ сард нийт 200 тонн тариур болон бусад хэрэгслүүд орж ирэх ёстой. Үргэлжлүүлээд 56 тонн эм, эмийн хэрэгсэл орж ирнэ.
-Халдвараар эндсэн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Цаашдаа энэ тоо нэмэгдсээр байвал шаардлагатай арга хэмжээ авахгүй юу?
-Энэхүү халдвар арилж, алга болохгүй нь тодорхой. Вакцины үйлчлэлийг бууруулж буй хоёр зүйл бий. Нэгдүгээрт, эхний тундаа хамрагдсанаас хойш 3-6 сарын дараа вакцины үйлчлэл буурдаг. Тиймээс хоёрдугаар тун хийдэг юм. Гэсэн ч хоёрдугаар тунгийн үйлчлэл буурдаг тул нэмэлт дархлаажуулалт хэмээн хийж байгаа. Хоёрдугаар шалтгаан нь халдвар хувьссанаас үүдэж дархлаажуулалтын үйлчлэлийг багасгадаг. Тиймээс хэзээ зогсох нь тодорхойгүй байгаа халдвараас хамгаалахын тулд л нэмэлт тунг хийлгэх шаардлагатай гээд байгаа юм. Амиа алдсан иргэдийн маань 75 хувь нь вакцины нэгдүгээр тундаа бүрэн хамрагдсан эсвэл огт хамрагдаагүй хүмүүс юм. Мөн 80 хувь нь суурь, архаг өвчтэй иргэд байгаа. Халдварын тохиолдол тооцооллоор есдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын сүүл үе хүртлээ оргил үедээ байсан хэмээн манай судлаачид тооцсон. Энэ сарын 01-нээс хойш буурах төлөвтэй байна.
-Зөвхөн эм, тариа импортоор авах уу. Хүнсний ногоо, бусад бараа бүтээгдэхүүн яах вэ?
-Импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүний 37 хувь нь урд хөршөөс орж ирдэг. Бид нарийн ногоо, жимс жимсгэнэ зэрэг иргэдэд шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг татан авах ажиллагааг боомтуудаар зохион байгуулж байна.
-Нэмэлт тунд хамрагдах нь муу байвал манай улсын татан авсан вакцины хугацаа дуусах эрсдэлтэй юу. Вакцинтай холбоотой ямар бодлого барьж ажиллах вэ?
-Хугацаатай холбоотойгоор вакциныг иргэдэд шахах гэсэн асуудал байхгүй. Хугацаа ч дуусах болоогүй. Өнөөдрийн байдлаар хоёр сая орчим тун файзер, 800 мянга гаруй тун вероцелл вакцин байна. АНУ-д 5-12 насны хүүхдэд вакцин хийж эхэлсэн. Зөвшөөрөл ч олгогдсон байгаа. Манай улсад 5-11 насны нийт 16 мянга гаруй хүүхэд бий. Тэдгээр хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлнэ хэмээн үзэж байна. Тиймээс вакцины хугацаатай холбоотой асуудал ойрын саруудад байхгүй.
АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ТӨСВӨӨС ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭМНЭСЭН
Соёлын яамнаас хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Монголын үндэсний цирктэй холбоотой асуултуудад Соёлын сайд Ч.Номин дараах хариултыг өгсөн юм. Монголын үндэсний цирктэй холбоотой асуултад циркийн үйл ажиллагааг зайлшгүй үргэлжлүүлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.
-Монголын үндэсний цирктэй холбоотой ямар бодлого баримталж ажиллах вэ. Тоохгүй орхивол манай улсын циркийн урлаг устаж үгүй болох уу?
-Монголын үндэсний цирк бол соёлын салбарт томоохон хэмжээний экспорт хийдэг салбар. Циркийн уран бүтээлчид дэлхийд Монголоо төлөөлж, уран бүтээлээ туурвидаг. Циркийн барилгын хувьд 1971 онд ашиглалтад орсон барилга юм. "Аса" групптэй хийсэн гэрээгээр чиг үүргээ тодорхой дурдсан. Ингэхдээ циркийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн авч явна гэсэн чиг үүрэгтэй байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын Соёлын яамны хувьд цаашид циркийг үйл ажиллагааны хувьд циркийн чиглэлээр нь авч явах ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Удаа дараа тухайн групптэй холбоо барьж, хэзээ үйл ажиллагааг нь хэвийн явуулах тал дээр тогтмол байр сууриа илэрхийлэн явж байна. Соёлын яамны хувьд бол Монголын үндэсний цирк нь үйл ажиллагааны хувьд гэрээ хийсэн чиг үүргийнхээ хүрээнд байх ёстой.
-Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Соёлын төвүүд болон цэрэг, цагдаа нарыг жагсаах нэрийдлээр дээрх мөнгийг дэмий зарлагадсан. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Бидний хувьд сүүлийн төсвийн тодотголоор 10 тэрбум төгрөгийг Соёлын сайдын төсвөөс татуулсан. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байлаа. Нэг жилийн турш 42 арга хэмжээг хийхээр төлөвлөсөн байсан юм. Олон салбарын үйл ажиллагааны төсвийг нийлүүлэн Соёлын сайдын багцад тавьсан. НҮБ-д элссэний 60 жилийн ой, Боловсрол, шинжлэх ухааны салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ой гэх мэт арга хэмжээнүүдийг төлөвлөсөн. Энэхүү төсвөөс өнөөдрийн байдлаар дөрөв орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн байгаа.
-Соёлын салбарын албан хаагчдыг хэрхэн мэргэшүүлэх вэ?
-Соёлын салбарын хувьд 24 жилийн турш төрийн захиргааны төв байгууллагагүй явсан. Манай салбарт мэргэшсэн албан хаагч ихээхэн дутмаг байна. Өнөөдрийн байдлаар Соёлын яам төрийн захиргааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад мэргэжлийн түвшнийх байж чадахгүй байгаа. Энэ чиглэлд ямар ч хүнийг мэргэшүүлээгүй тул салбарын хэмжээнд томоохон асуудал болсон. Цаашдаа энэ салбарт дэмжлэг үзүүлж, мэргэшүүлэх нь нэн тэргүүний зүйл юм.
-Сүүлийн үед нийгэмд зүй бус гэмт хэргүүд ихсээд байна. Соёлын яамны зүгээс олон нийтийн үзэл бодлыг эрүүлжүүлэх, эерэгээр нөлөөлөхөд ямар бодлого барьж ажиллах вэ?
-Иргэдийг төлөвшүүлж, соён гэгээрүүлэх нь хугацааны ажил байдаг. Тиймээс бид ихээхэн анхаарал тавин ажиллах хэрэгтэй. Манай яамны зүгээс сургуулийн өмнөх боловсрол бодлого хэрэгжиж байгаа. Үүний хүрээнд сургуулийн өмнөх боловсролд үүх түүхээ мэддэг, гэр бүлийн хүмүүжилтэй, бусдыг хайрлахыг хэрхэн бий болгох вэ гэх агуулга бүхий хэрэгжүүлж байна. Хүний амьдралын үе шат бүхэнд судалгаа хийсэн. Соёлын яам нь шинэ яам тул бүх төрлийн бодлогыг шинээр хийж байгаа.
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 11 МЯНГАН ӨРХ ЦАХИЛГААН, ЭРЧИМ ХҮЧГҮЙ БАЙНА
Нийслэлийн эрчим хүч, цахилгаан, дулаантай холбоотой асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дараах хариултуудыг өгсөн юм. Тэрбээр цахилгаан, эрчим хүчний төлбөрийг 20 хувиар зайлшгүй нэмэх шаардлагатай хэмээн мэдэгдэв.
-Нийслэлийн алслагдсан хэсэг болох Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол гэх мэт дүүргүүдийн захын хэсгээр цахилгаан эрчим хүчтэй холбогдоогүй айл өрхүүд бий. Тэдний асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Улсын хэмжээнд бид нарийвчилсан сайн судалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар хийсэн судалгаагаар 11,753 айл өрх стандартын шаардлага хангасан шугам сүлжээгээр цахилгаан эрчим хүчид холбогдоогүй байгааг гаргалаа. Улаанбаатар хотод эрчим хүч, цахилгаанд холбогдоогүй оршин сууж буй 11,753 өрхийг цахилгаантай болгох ажлыг 2022 оны төсөвт суулгасан. Нийт төсөвт өртөг 33 тэрбум төгрөг юм. Үүний Улсын төсвөөс 29 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн. Энэнхүү ажлыг 2023 оны долоодугаар сарын 01 гэхэд дуусгахаар төлөвлөөд байна. Нийслэлийн хэмжээнд ийм олон өрх цахилгаан, эрчим хүчгүй байгааг юу гэж тодорхойлон хэлэхээ сайн мэдэхгүй байна. Шуурхайлан шийдэх ёстой зүйл юм. Үүний цаана хүний аюулгүй байдал, зүй бус хэрэглээ, чанарын шаардлага хангаагүй тог, цахилгааны утас зэрэг асуудал хөвөрсөөр байна. Хоёр жилийн хугацаанд бүрэн шийднэ хэмээн ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч энэ тоо тэг болно гэж байхгүй. Учир нь шилжилт хөдөлгөөн, газрын маргаан, цахилгааны утас татах агаарын шугам байхгүй зэрэгтэй холбоотой.
-Дулааны IV цахилгаан станцын ажил дууссан гэлээ. Тэгэхээр дулаан, цахилгаанаар хангаад эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Улаанбаатар дулааны IV цахилгаан станц дулааны эрчим хүчний 63 хувийг, цахилгаан эрчим хүчний 53 хувийг хангадаг. Хүчин чадлаараа улсын хэмжээнд хамгийн томд тооцогдоно. 2020 оны долоодугаар сард бол өргөтгөлийн ажил 50 хувьтай байсан. Хоёр машин нь ажиллаж эхлээгүй байлаа. Гол эх үүсвэрийн хоёр машиныг ажиллагаанд оруулахын тулд эрчимтэй ажилласан. Нэг машиныг нь 2020 оны аравдугаар сарын 25-нд ашиглалтад орууллаа. Хоёр дахийг нь энэ оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан. ОХУ-ын гүйцэтгэгч тал хийсэн юм. Санхүүжилтын хувьд гэрээний дагуу байлаа.
-Энэ жил утааг багасгахад зориулан сайжруулсан түлшээс өөр ямар гарц харж байна вэ?
-Агаар, орчны бохирдлыг бууруулахад дараах арга хэмжээг авч байна. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын иргэдийг шахмал түлшээр хангаж байгаа. Мөн гэр хорооллын өрхийн цахилгаан эрчим хүчийг хөнгөлөх ажил явуулж байна.
-Цахилгаан эрчим хүчний төлбөрийг 20 хувь нэмэх шаардлагатай байгааг мэдээлсэн. Танай яамнаас үнийг нэмэгдүүлэх саналыг оруулсан уу. Ямар тооцоо судалгаанд үндэслэсэн бэ?
-Цахилгаан, эрчим хүчний төлбөрийг зайлшгүй нэмэх шаардлагатай. Манай мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар өнөөдрийн үнийг багадаа 20 хувь нэмэх шаардлагатай байгаа. Хэрэв энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол цаашдаа хэрэглэгчдийг цахилгаан, эрчим хүчээр хангах санхүүгийн бололцоо байхгүй болно. Үнийг ийнхүү хатуу барих нь эрчим хүчний салбарын алдагдлыг нөхөх юм. Тиймээс энэ асуудлыг нэн даруй шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
ОЮУТАН ЦЭРЭГ ХӨТӨЛБӨР ИРЭХ ЖИЛЭЭС ДАХИН ХЭРЭГЖИНЭ
Цэргийн албанд шинээр татагдсан цэргүүдийн биеийн байдлын талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр онцлон ярилаа.
-Цэргүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгоно гэлээ. МСҮТ-д түшиглэн цэргүүдийг мэргэжилтэй болгох боломж бий юү?
-Хугацаат цэргийн албан хаагчдыг 2020 оноос эхлэн энгийн мэргэжил давхар эзэмшүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь төмөр замын бүтээн байгуулалтад оролцсонтой ч холбоотой. Төмөр замын бүтээн байгуулалтад нийт 1800 орчим цэргийн албан хаагчид ажилласан. Үүнээс 400 орчим нь хугацаат цэргийн албан хаагчид байлаа. Эдгээр албан хаагчдын Чойр, Налайх, Батлан хамгаалахын сургалт үйлдвэрлэлийн төвийг түшиглэн нэмэлт мэргэжил эзэмшүүлсэн. МСҮТ-д түшиглэн хугацаат цэргийн албан хаагчдыг өөрсдийнх нь сонирхлын мэргэжил эзэмшүүлэх бодлогыг үргэлжлүүлэн явуулна.
-Өмнөд Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргүүд тэнд халдвараар өвчлөөд эдгээд ирсэн байна. Цаашдаа ч энхийг сахиулах цэргүүдээ халдварын цаг үед явуулсаар байх хэрэг үү?
-Өмнөд Судан улс руу энхийг сахиулагчид маань явж байгаа. Ээлж солих ажиллагааг өнгөрсөн сарын 20-ноос эхлүүлсэн. Ээлж солих явцад халдвар илэрч байгаа. Халдвартай цэргийн албан хаагчдаа авч үлдэн, халдваргүй цэргийн албан хаагчдаа явуулж байна. Эхний 240 цэрэг Өмнөд Суданд очоод 14 хоног тусгаарлагдсан. Тэдий долоогоос нь халдвар илэрээд байгаа. Одоогоор тухайн газарт эмчилгээ хийлгэж байна. Гол шалгуур бол нэмэлт тундаа хамрагдсан байх явдал. 14 хоногийн хугацаатайгаар 800 цэргийн албан хаагчийг ээлжлэн явуулж байна.
-Халдвар гарснаас хойш Цэргийн төв эмнэлэг өндөр ачаалалтайгаар ажилласан. Тус эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарт цалин, урамшуулал олгосон уу?
-Цэргийн төв эмнэлэг бол хөл хорио тогтоох үеэс эхлэн гадаадад эмчилгээнд явсан, хагалгаанд орсон, эмчилгээ шаардлагатай энгийн иргэдийг тусгайлан хүлээн авч, эмчилж, тусгаарласан. Үүнд 3500 орчим хүн хамрагдлаа. Халдварын эмчилгээ хийж эхэлснээс хойш 6700 иргэнийг эмчилж, эдгээжээ. Цалин хангамжийн хувьд ХӨСҮТ болон Эрүүл мэндийн яамнаас баримталж байгаа ногдолын дагуу олгож байна. Үүнд ямарваа нэгэн асуудал байхгүй.
-Энэ жил халдварын онцгой нөхцөлд цэрэг татлага боллоо. Хэдийгээр халдвартай иргэдийг цэрэгт татаагүй ч гэсэн халдвараар өвчлөөд эдгэсэн хүмүүсийг цэрэгт татсан. Халдварын дараах сөрөг нөлөө их байгаа. Энэ үед өвчлөөд эдгэсэн хүмүүсийг цэрэгт татах шаардлага байсан уу. Тэдэнд анхаарал халамж хэн тавих вэ?
-Энэхүү асуултыг хоёр өнцгөөс харах хэрэгтэй. Нэгдүгээрт, өмнө нь халдвар аваад эдгэсэн залуучууд цэрэгт ирж байгаа. Хоёрдугаарт, Цэрэг татлагын товчоо, Цэргийн эмнэлгийн шинжилгээгээр цэргийн ангид хуваарилагдсаны дараа илэрч байна.Эмчилгээ шаардлагатай хүнийг цэрэгт татаагүй. Дархлаа сулрах, ядрах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд их гарч байна. Цэргийн албанд шинээр татагдсан 200 гаруй цэргээс халдвар илэрсэн. Халдвар илэрсэн нөхцөлд тухайн ангид нь тусгаарласан. Цээжний зургийг авч байгаа. Ажиглалт, шинжилгээг сайн хийж байна.
-Цэрэг татлага саяхан дууссан. Тэгвэл оюутан цэрэг хөтөлбөр хэзээ эхлэх вэ?
-Оюутан цэрэг хөтөлбөрийг ирэх жил дахин явуулна. Сүүлийн хоёр жил энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй. Ирэх оны гуравдугаар сарын 01-нээс аймаг, дүүргийн цэргийн штабуудад бүртгэл хийнэ. Дөрөвдүгээр сарын 01-нээс наймдугаар сарын 01-ний хооронд хэрэгжих юм.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )