“Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ой”-д зориулсан Монгол шуудангийн сэдэвчилсэн маркийн нээлт, анхны өдрийн дугтуй тамгалах ёслол Улаанбаатар хот дахь Оросын соёл, шинжлэх ухааны төвд боллоо.
Тус маркт Е.В.Вучетичийн бүтээл “Сталинградын тулалдааны баатруудад” зориулсан “Эх орон дуудаж байна” хөшөөг дүрсэлжээ. Түүний зэрэгцээ энх тайван, ялалт, цэргийн алдар хүнд, бахархлын бэлгэдэл лаврын мөчир, Георгийн туузыг дүрсэлсэн байна. Шинэ маркийг танилцуулах ёслолд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков оролцсон юм. Тэрбээр шинэ маркийг нээж хэлсэн үгэндээ “Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан шуудангийн сэдэвчилсэн марк гаргасан “Монгол шуудан” компанид талархал илэрхийлье. Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан тул маркийг нээж танилцуулах, эхний өдрийн дугтуйг тамгалах ёслолд оролцож байгаадаа баяртай байна” гэв. “Аугаа их эх орны дайнд ялсны 80 жил” сэдэвт шуудангийн шинэ марк, анхны өдрийн дугтуйг Маркийн газар, Төв шуудангийн үйлчилгээний “А” заал, Шуудангийн үйлчилгээний 21, 36, 38, 46, 51 дүгээр салбараар худалдаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )