"Цахилгаан, дулааны бие даасан хуультай болох нь зүйтэй"

2025 оны 05 сарын 02

Эрчим хүчний холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэн боловсруулахаар УИХ-ын Ажлын хэсэг  томилогдон ажиллаж байгаа билээ.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн  М.Энхцэцэг хэвлэлийн мэдээлэл өгснийг эргэн сануулъя. 

Тэрбээр "Эрчим хүчний салбар бол маш том, өргөн цар хүрээтэй. Энэ том салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах нь том ажил болж байна. Тиймээс энэ ажилд салбар байгууллагуудын оролцоог ханган ажиллах нь чухал байна. УИХ-ын түвшинд  байгуулагдсан ажлын хэсэг салбар, салбарын төлөөллийг оролцуулсан баг байгуулж, зургаан сар ажиллалаа.

Энэ хугацаанд гурван бүлэг ажлыг хийгээд байна. Нэгдүгээрт, өнөөдөр манай эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа гол асуудал нь юу вэ, бид яагаад хөрөнгө оруулагч татаж чадахгүй, хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөөд байгаа талаар судалсан. Хоёрдугаарт, бусад орны сайн туршлагыг судлах ажлыг хийсэн. Манайх шиг уур амьсгалтай, Австрали, Шинэ Зеланд, Казахстан, Унгар, Дани зэрэг найман улсын хууль, эрх зүйн орчин ямар байгааг судаллаа. Эдгээр улсад цахилгаан дулааны тусдаа хуультай байхаас гадна маш олон зүйл заалттай хуулиар зохицуулдаг юм байна. Харин Монгол Улсад хэрэгжиж байгаа Эрчим хүчний тухай хууль маш товчхон, ерөнхий байдлаар хуульчилсан. Дээр нь дулаан, эрчим хүчний салбарт 800 гаруй журам хэрэгжиж байна. Үндсэндээ ийм ерөнхий хуультай, олон журмаар зохицуулж байгаа харилцаа маш тогтворгүй байдаг. Журмаар зохицуулж байгаа харилцаа бол маргааш гэхэд л нэг журам нь байхгүй болчих эрсдэлтэй. Энэ нь эрчим хүчний салбарыг тогтворгүй байх нэг үндэслэл болж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Цаашид манайх дулаан, цахилгааны тусдаа бие даасан хуультай болох нь зүйтэй гэсэн санал дүгнэлтэд хүрээд байна. Мөн бид эхний ээлжинд Дулааны эрчим хүчний тухай хуулийг боловсруулж, бэлэн болгоод байна. Цаашлаад бид Цахилгаан эрчим хүчний тухай хуулийг боловсруулж, тун удахгүй олон нийтэд танилцуулна. Эхний ээлжинд боловсруулсан Дулааны эрчим хүчний тухай хуулийн төсөл салбарынхаа дэмжлэгийг авсан. Цаашид олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлж, илүү боловсронгуй болгохоор ажиллаж байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu