Толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөхрүүлж явсан эзэн Чингис хааны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхийн талд Монгол хэмээх түүхийг морин туураар бичиж өндийсөн их хааны сүр хүчийг дэлхий дахинаа шагшин дуулдаг.
Тал нутгийн баатар эр Есүхэйн хүү Тэмүүжин бага балчир наснаасаа тэмцэж, зовж зүдэрч өндийсөн аугаа их хаан гэдэгтэй маргах хүн үгүй. Их хаан Их Монгол Улсаа байгуулсан цагаас хойш 815 жил өнгөрч, энэ олон зууны туршид Монголын төр унахдаа унаж, босохдоо босож ирсэн түүхийн арвин баялаг намтрыг бүтээжээ.
Монголчууд бид их хаанаас хойш эзлэгдэж, ядуурч өлсөж цангаж, бас мандаж гээд дурдахын бол их түүхээ хугасласан бараан намтар дэлгэх нь дамжиггүй. Гагцхүү өнөөдөр бид төв Азийн цээжинд тусгаар тогтносон Монгол Улс хэмээн оршин тогтнож байгаа нь бахархал юм. Чухам юу хэлэх гээд байна гэхээр эзэн хааны тулгынх нь чулууг тулж, галыг нь асаасан Их Монгол Улсын гал голомт үүрд бадрах учиртай гэж бахдан бодмоор.
Түүнээс бус бид Манж чин гүрний хөлд үүрд гишгүүлж болох байв. Дэлхийн их гүрэн хятадын колони болж болох байв. Биднийг хойд хөршүүд 70 жилийн турш Москвагаас удирдаж байхдаа хязгаар муж улсаа болгож болох л байв. Энэ мэт олон зүйлийг дурдаж болно. Геополитек, үндэсний дархлаа, өвөрмөц соёл иргэншил гээд олон зүйлээрээ тусгаар тогтнолоо баталгаажуулан оршиж байгаа азтай улс. Дэлхий дээр 200 гаруй улс орон байхад бид зөвхөн орос, хятад хоёр гүрэнтэй хиллэдэг нь хөгжил дэвшилд ахиц гардаггүй хэмээн шүүмжлэх нэгэн байдаг.
Хүн аав, ээжээ өөрөө сонгож төрдөггүй шиг бид онож төрсөн газар нутгаа ч сонгох аргагүй. Тиймээс энэ бөмбөрцөгөөс онож заяасан энэ газар шороогоо хайрлаж, өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн тусгаар тогтнолоо дээдлэн явах үүрэг л гагцхүү бидэнд оногджээ.
Өөрийн гэсэн тусгаар тогтнолгүй бол, өөрийн гэсэн газар шороогүй бол хятадын колони орнууд шиг хөгжөөд ч яах юм. Хүн хэмээх заяанд төрсөн хэн ч туурга тусгаар эх оронтой байна гэдэг хамгийн том бахархал. Мөргөж залбирах төртэй байна гэдэг их хувь заяа. Энэ бүхнийг өдгөө бидэнд өмчилж үлдээсэн эзэн Чингис хааны төрсөн өдөр тохиож байна.
Ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн цагаас хойш нэрийг нь ч хэлэх цээртэй байсан их хааныхаа үүх түүхийг сэргээн алдаршуулж эхэлсэн. Тэр хэрээр эзэн хааны төрсөн өдөр тойрсон маргаан ч дэгдэж байв. Эзэн хаан өвөл зун, намар хэзээ төрсөн нь хамаагүй. Гагцхүү бидэнд энэ төр улсыг байгуулж өгсөн хүнийхээ төрсөн өдрийг нэгэн цаг хугацаанд тогтоон хурааж тэмдэглэх болсон нь сайшаалтай. Энэ бол үндэсний бахархал билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
soliorol
төрт улс гэдгээрээ бахархаж явцгаая төргүй бол морь унасан толгойгүй хүн болцгооно шүү