Цагийн юм цагтаа байвал сайхан

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Аливаа баяр ёслол, тоглолт, хурал цуглаан товлосон цагтай, тогтсон газартай байдаг. Цаг баримтлахыг хувь хүний зохион байгуулалт, соёл гэж үздэг. Гэтэл сүүлийн үед цагийн юм цагтаа эхлэхээ байжээ. 17 цагт эхэлнэ гэсэн тоглолт заал танхимд хүн нь дүүрээгүйн улмаас хоёр цагийн дараа эхлэх жишээний. Гэтэл тоглолт үзэх гээд зориод яг болзсон цагтаа ирсэн хүмүүст энэ нь гэсгээл болж байгаа юм. 19 цагт хожигдож эхэлсэн тоглолтын дундуур ч үзэгчид цуварч ирсээр байв. Яг сайхан дуунд уярчихсан, автчихсан сууж байхад өмнүүр, хойгуур хүн сүүтэгнээд суудлаа хайгаад сүүмэлзээд байх тийм ч таатай биш. Нэг л тухгүй болчихдог.

Тэр ч бүү хэл тоглолтын хөтөлбөрийн дагуу дуулах ёстой дуучин маань замын түгжрэлээс болж зам дээр гацсан тухай хөтлөгч нь учирлаж байх юм. Энэ бол урлагийн хүний хувьд байж боломгүй бүдүүлэг зан шүү дээ. Танхим дүүрэн тэр олон үзэгчийг хүндэлдэггүй юм аа гэхэд өөрийгөө хүндлэх  хэрэгтэй шүү дээ. Хоцорч эхэлсэн тоглолт оройтож тарах нь ойлгомжтой. 22 цаг өнгөрөөгөөд өндөрлөж байгаа юм.

Гэтэл тараад унаагүй, мөнгөгүй хүн байвал гэр хол хэрхэх билээ. Зүй нь бол төлөвлөсөн ёсоор 19 цагт тарах учиртай байсан. Ар гэртээ үр хүүхдээ орхиод гарсан ээж, бие давхар эмэгтэй, настай хүн гээд олон янзын асуудалтай үзэгч олны дунд бий. Бараг 23 цаг болж байхад тоглолтоос гарч ирээд хаа байгаа Таван шар руу яаж харина аа гээд бэмбэгнэж байгаа ч жаахан охин харагдах. Тиймээс замын түгжрэлд бурууг тохолгүй зангаа өөрчлөөд, хандлагаа засаад, цагаа төлөвлөөд сурчих. Тэртэй тэргүй замдаа түгжрэх нь ойлгомжтой учраас эртхэн гар. Тэгвэл бүх юм цагтаа эхэлж, цагтаа дуусах болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top