Ц.Одгэрэл: Үйл ажиллагаагаа нээсэн 6600 гаруй ААН, иргэнийг шалгаад байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 14

Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн хавраас үйлчилгээ эрхлэгчид, иргэдтэй хариуцлагын гэрээг үе шаттай байгуулж, халдварын дэглэм баримтлах зэрэг үйл ажиллагаанд нь хяналт тавьж эхэлсэн. Тус хариуцлагын гэрээний биелэлт, хэрэгжилтийн талаар НМХГ-ын Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Одгэрэлтэй ярилцлаа.


-Цар тахлын үед нийслэлийн удирдлагууд үйлчилгээний байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулж ажиллах зөвшөөрөл олгож байсан. Тус гэрээг хэзээнээс байгуулж эхэлсэн бэ. Хэрэгжилтэд нь яаж хяналт тавьж байгаа вэ?

-Чингэлтэй дүүргийн Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн тавдугаар сараас аж ахуйн нэгж, иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулж эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл улсын байцаагчид долоо хоног тутам Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Тамгын газар, дүүргийн Цагдаагийн газар, хороодын олон нийтийн ажилтан, хэсгийн ахлагч нарын бүрэлдэхүүнтэй гэрээ байгуулж үйл ажиллагаагаа нээсэн худалдаа, үйлчилгээний газруудад хяналт тавьж байна.

Тодруулбал, ресторан, баар, кафе, лоунж, зах, худалдааны төв, амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээ, тоглоомын газар, саун, чийрэгжүүлэлтийн төв, нийтийн халуун ус, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудад давхардсан тоогоор 6600 гаруй аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласан.

-“Хариуцлагын гэрээ” гэдгийг үйлчилгээний байгууллагууд хэрхэн ойлгох ёстой вэ. Ихэвчлэн гэрээний аль үүргээ биелүүлэхгүй байна вэ?

-Хариуцлагын гэрээ бол үйлчилгээний байгууллагуудыг хариуцлагатай байлгах, Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлж ажиллах, халдварыг хамтдаа даван туулах зорилготой итгэлцэл, ойлголцлын гэрээ гэж ойлгож байгаа. Гэвч гэрээнд тусгасан зүйл, заалтуудыг хэрэгжүүлж, үүргээ төдийлөн сайн биелүүлж ажиллахгүй аж ахуйн нэгж, иргэд байна.

Өөрөөр хэлбэл, нэг чигийн урсгалаар хөдөлгөөнийг давхцуулахгүй байдлаар зохион байгуулаагүй, орох гарах чиглэлд тэмдэглэгээ хийхгүй, үйлчлүүлэгч хоорондын зайг хоёр метрээс доошгүй байхаар тэмдэг тэмдэглэгээг хийж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлээгүй зөрчлүүд түгээмэл илэрч байна.

Мөн үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлсэн, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан эсвэл халдвараар өвчлөөд эдгэрсэн тухай эрүүл мэндийн байгууллагын магадалгаа бүхий ажилтан болон түрээслэгчдийг авч ажиллуулаагүй, орох хэсэгт хяналтын ажилтныг томилж, үйлчлүүлэгчдийн дархлаажуулалтад хамрагдсан байдлыг бүртгэж нэвтрүүлэхгүй, ариун цэврийн өрөө, угаалтуур, суултуур, шат, хаалга, шүүгээний бариул, цахилгаан шатны бариул, багаж тоног төхөөрөмжийн хүн хүрэх эд зүйлсийн гадаргууг хоёр цаг тутам халдваргүйжүүлдэггүй.

Өрөө тасалгаанд хоёр цаг тутам 10-15 минут агаар сэлгэлт хийж, хэвийн ажиллагааг хангаж ажиллаагүй, төлбөр тооцоо хийх хэсэг, лангуунд шилэн болон хуванцар хаалтыг хийгээгүй, ариун цэврийн өрөөнд цаасан болон гар хатаагч байршуулаагүй, цаг хэтрүүлэн ажилладаг зэрэг зөрчил байсаар байна.

-Зөрчилд ямар хариуцлага тооцдог вэ?

-Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, хугацаатай албан шаардлага өгч биелэлтийг хангуулдаг. Харин халдвар, хамгааллын дэглэмийг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл ногдуулан, албан даалгавар өгдөг.

Цагийн хязгаарлалт зөрчин үйлчилгээ явуулсан, тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил илэрсэн тохиолдолд шалгалтын тэмдэглэл, акт үйлдэн согтууруулах ундааг хураан авч, хариуцлагын гэрээ болон тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлж зөрчлийг арилгуулдаг.

-Хөл хорио тогтоож байсан үетэй харьцуулахад одоо үйлчилгээний байгууллагуудын чанар, стандарт, ариутгал ямар байгаа вэ. Харьцангуй тайвширч хяналт суларсан уу?

-Хөл хорио тогтоосон үетэй харьцуулахад одоо худалдаа, үйлчилгээний байгууллагууд үүрэг, хариуцлагаа ухамсарлан халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж хэвшиж байгаа. Олонх иргэн бидний ажлыг ойлгож, дэмжин урам өгч, хамтран ажилладаг. Гэвч төрийн албан хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй маргалдах, эсэр¬гүүцэх, үл ойлголцох байдал үүсгэдэг иргэд хяналт шалгалтад хүндрэл үүсгэдэг.

-Цар тахлын үед энгийн үеэс илүү чанар, стандартдаа анхаарах ёстой шүү дээ. Аж ахуйн нэгжүүд үүнд  хэрхэн анхаарах вэ?

-Батламж, тусгай зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн явуулж буй үйл ажиллагаандаа тохирсон дотоод хяналтын журамтай, дотоод хяналтын журмынхаа хүрээнд явуулж буй үйл ажиллагааны чиглэлдээ чанар, стандартын шаардлагыг мөрдөж, хариуцлагаа өөрсдөө бүрэн хүлээж ажиллах ёстой.

Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд байнга мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг.

-Хариуцлагын гэрээ байгуулснаар ямар үр дүн гарав. Шалгалтууд хэдий хугацаанд үргэлжлэх үү?

-Хариуцлагын гэрээ байгуулсан өдрөөс эхлэн хийгдсэн хяналт шалгалтын үр дүнд гэрээнд заагдсан халдвар, хамгааллын дэглэмийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайтар мөрдөж ажиллаж байгаа. Худалдаа, үйлчилгээний газруудад халдвараас сэргийлэх, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаар, хариуцлагын гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх гурван байгууллагын хамтарсан удирдамж ирэх сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.88.49) 2021 оны 11 сарын 14

Хэхэхэ

0  |  0
Top