ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Өнөөдөр 2021.11.16. Билгийн тооллын 12. Монгол эх оронд маань нар 08 цаг 00 минутад мандлаа, 17 цаг 14 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -9 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын анорекситэй тэмцэх өдөр. Исландад исланд хэлний өдөр бол БНАСАУ-д Ээжүүдийн өдөр, Украинд Радио, телевизийн ажилтнуудын өдөр юм.

Энэ өдөр Итали, Францын жүжигчин, найруулагч Валерия Бруни-Тедески, Канадын дуучин, Грэммийн таван удаагийн шагналт Дайана Кролл, Английн хөлбөмбөгч, дасгалжуулагч Пол Скоулс, Украины уран гулгалтын тамирчин, олимпын аварга Оксана Баюл, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Мэгги Жилленхол зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2013 оны энэ өдөр Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо Монгол Улсад айлчилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1907 оны энэ өдөр Оклахома АНУ-ын 46 дахь муж болжээ.

1918 оны энэ өдөр Унгар улс Австри-Унгарын эзэнт гүрнээс тусгаар тогтнож, бүгд найрамдах улсаа тунхаглажээ.

1933 оны энэ өдөр ЗСБНХУ болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1938 оны энэ өдөр Самбо бөхийн спортын төрөл үүссэн.

1945 оны энэ өдөр ЮНЕСКО үүсэн байгуулагдсан юм.

1989 оны энэ өдөр Чехословак улсад хамба хилэн хувьсгал эхэлжээ.

Өнөөдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ.

Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top