МӨНГӨНИЙ БОДЛОГО: Инфляцыг 6±2% интервалд тогтворжуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Өнөөдөр /2021.11.18/  УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж баталлаа. Ирэх оны мөнгөний бодлого нь цар тахлын хүндрэлийг даван туулах, сорилт хүндрэлийн үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин болон дэд бүтцийг тасралтгүй хѳгжүүлэх, түүнчлэн тэгш бус байдал, цаг уурын ѳѳрчлѳлт зэрэг эдийн засгийн урт хугацааны томоохон асуудлуудад анхаарал хандуулснаараа онцлог болж байна.

Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2022-2024 онд 6±2% интервалд  тогтворжуулна. Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрийг гаргахдаа зах зээлийн зарчимд тулгуурлан нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн шууд бус нөлөөг нягтлан үзэж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байх зарчмыг баримтлах юм. Мөн Ковид-19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт, дунд хугацааны макро тогтвортой байдлыг дэмжсэн зээлийн тогтвортой өсөлтийг хангаж, банкны системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. Төв банкны олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлж, бодлогын ил тод байдлыг хадгалж ажиллахаар ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгаад байна.

Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлж, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой мөрдөгдөж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Мөн банк хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах зохицуулалтыг боловсронгуй болгож мөрдүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна, зохицуулалтын давхардал, хийдлийг арилгаж нэгдмэл байдлыг хангах, зээлийн мэдээлэл, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, буцаан худалдан авах барьцаат санхүүжилтийн хэлцлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд Төв банкны цахим мөнгө гаргах талаар судалж, хөгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэн иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжиж, макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн шинжилгээнд их өгөгдлийг ашиглах техникийн болон мэргэшлийн ур чадварыг үе шаттайгаар бүрдүүлж эхэлнэ.

Түүнчлэн, Монголбанк нь Засгийн газар, Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолд тусгав. Тухайлбал:

● Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчин болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар экспортыг дэмжсэн, нэмүү өртөг шингээсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөг эдийн засгийн сэргэлт болон өсөлтийн хүртээмжийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлоготой уялдуулна.

●Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажлын хүрээнд Монголбанк хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт 2023 онд багтаан бүрэн шилжүүлэх, энэ хугацаанд хөтөлбөрийг үргэлжлүүлэн  хэрэгжүүлнэ.

● Уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг судалж, бүсийн болон олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж, санаачилгатай уялдсан тогтвортой санхүүжилтийн бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэх зэрэг Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн дунд, урт хугацааны тогтвортой байдал, өсөлтийн хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бодлого баримтална.

● Түүнчлэн, Санхүүгий хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2023 оны харилцан үнэлгээнд бэлдэх, 10 их наядын цогц төлөвлөгөөг өргөтгөн хэрэгжүүлэх, Зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг хангах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлыг арилгах замаар инфляцад үзүүлэх үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зэрэг зорилтуудыг УИХ-аас Монголбанк, ЗГ, СЗХ-нд даалгаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top