Р.Рэгдэл: 100 жилийн хугацаанд суурь шинжлэх ухааны үндэс баттай тавигдлаа

2021 оны 11 сарын 18

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн "Хүндэтгэлийн их чуулган" өнөөдөр /2021.11.18/ академийн өөрийн байранд боллоо.

Чуулганыг ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нээж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар удирдан явууллаа.

Ойн баярын хүндэтгэлийн их чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр хүрэлцэн ирж, баярын мэндчилгээ дэвшүүлж, Үндсэн хуулийн анхны эх хувийг ШУА-ийн ерөнхийлөгчид гардууллаа. Харин салбарын сайд Л.Энх-Амгалан гадаадад томилолтоор яваа тул цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.

Чуулганд ШУА-ийн 63 академичаас 61 нь биечлэн оролцож байгаа бол салбарын 500 гаруй эрдэмтэн судлаач зайнаас оролцлоо.

 

Р.РЭГДЭЛ: ӨНГӨРСӨН 100 ЖИЛИЙН ХУГАЦААНД СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭС БАТТАЙ ТАВИГДЛАА

-Өнгөрсөн 100 жилийн хугацаанд манай оронд байгаль, техник, хөдөө аж ахуй, анагаах ухаан, нийгэм, хүмүүнлэгийн ухааны үндсэн гол салбаруудаар суурь шинжлэх ухааны үндсэн суурь баттай тавигдаж, салбар бүрээр суурь болон хавсарга судалгааны хүрээлэн, төвүүд байгуулагдан, их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний чадамж сайжирсаар ирлээ.

Археологи, палеонтологи, анагаах болон хөдөө аж ахуйн ухааны зарим чиглэлээр манай эрдэмтдийн судалгаа, хөгжүүлэлтийн ажил олон улсын хэмжээнд тэргүүлэх, өрсөлдөх түвшинд хүрээд байна. Байгаль техникийн  шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн бүтээлүүд гадаад орны нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлэгдэж, олон улсын хэмжээнд  судалгаа, хөгжүүлэлтийн ажлын эргэлтэд идэвхтэй ордог болов.

Түүнчлэн манай эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүн үйлдвэр практикт нэвтэрч, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар байна. Монгол Улс шинжлэх ухаан, технологийн чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагуудтай өргөн хэмжээнд харилцаа тогтоож, тэдгээртэй хамтарсан судалгаа, хөгжүүлэлтийн ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг боллоо. Зөвхөн ШУА л гэхэд одоогийн байдлаар дэлхийн 30 гаруй улсын болон олон улсын 100 гаруй шинжлэх ухааны байгууллага, их сургуулиудтай 180 орчим  гэрээ хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллаж байна. Мөн Шинжлэх ухааны олон улсын зөвлөл (ISC), Олон улсын академиудын түншлэл (IAP), Азийн Шинжлэх Ухааны Академиудын Холбоо, Азийн шинжлэх ухааны зөвлөл, Хөгжиж буй орнуудын ШУА-уудын зөвлөл зэрэг 10 гаруй олон улсын шинжлэх ухааны байгууллагад гишүүнээр элсэж, хамтран ажиллаж байна"

 

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС ТЕХНОЛОГИЙН 4-Р ХУВЬСГАЛЫН ГАДНА ҮЛДЭХ ЁСГҮЙ

-Бидний амьдран буй энэ цаг үеийн ирээдүй цахимд суурилах нь тодорхой болж, цахим ирээдүйн төв нь олон хэмжээст метаверс ертөнц болж байна. Иймд Монголчууд энэ ертөнцийн зөвхөн хэрэглэгч байх бус бүтээгч нь байх ёстой.  Тиймээс Инновац, цахим хөгжлийн чөлөөт бүс байгуулж, тус бүсэд өндөр технологийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ зорилгоор Буянт-Ухааг Оюут-Ухаа болгох боломжтой гэж үзэж байгаа юм. Оюут-Ухаагаа Монголын Цахиурын хөндий болгох ажилд ШУА, эрдэмтэн судлаачид манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.  Энэ санаачилгыг маань эрдэмтэн судлаачид та бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр дэлхийн шилдэг компаниудад ажиллаж буй тэргүүлэх мэргэжилтнүүд цахимаар, зайнаас Монголдоо мэдлэг түгээх боломж бүрдэнэ. Уг тусгай бүсэд Фэйсбүүк, Гүүгл, Амазон гэх мэт дэлхийн тэргүүлэх компаниудын Төв Азийн хаабыг байгуулж хамтарч ажиллах боломж ч бий болох юм.  Дэлхийн улс орнууд инновац, их өгөгдөл, юмсын интернэтээс эхлэн хиймэл оюун ухаан хүртэлх технологийн 4-р хувьсгалын давалгаанд татагдан  орж байна. Монгол орон энэ хувьсгалын гадна үлдэх ёсгүй. Тийм боломж ч байхгүй. Манай ШУА энэ хувьсгалын оролцогч нь байж, үр дүнг ашиглах зорилгоор бүтэцдээ Математик, тоон технологийн хүрээлэнг байгуулсанд талархал илэрхийлье.  Төр, засгийн бүх шатны байгууллагууд тооцоо судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, шийдвэр гаргадаг байхад УИХ онцгойлон анхаарч байна. Энэ үйл ажиллагаанд ШУА, эрдэмтэн судлаачид маань санаачилгатай, идэвхтэй оролцож, манлайлан ажиллахыг уриалъя" гэв.

ШУА-ийн талаар ТОВЧ МЭДЭЭ:

Монголчуудын 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараахан улс орныхоо эдийн засаг, нийгмийг дэлхийн орчин үеийн хөгжлийн чиг хандлагын дагуу өөрчлөн хөгжүүлэхэд чиглэсэн анхны арга хэмжээний нэг нь Ардын засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн тогтоолоор төрийн яамны эрх хэмжээ бүхий Судар бичгийн (Номын) хүрээлэнг байгуулсан явдал байлаа.

Хүрээлэнгийн анхны захирал Онходын Жамъян гүн "... Судар бичгийн хүрээлэн байн байсаар хөгжин дэлгэрч, ухаан бүгдийг бүртгэсэн ба уран сайхны ажлыг хуран цогцолсон Академи болж чадах буй заа" хэмээн шинэ байгууллагынхаа ирээдүйг тодорхойлсон нь өнөөдөр бодитой ажил хэрэг болж, ШУА-д төвлөсөн, олон улсын жишигт нийцсэн шинжлэх ухаан, технологийн бүхэл бүтэн тогтолцоо бий болон хөгжиж байна.

1961 онд 5 хүрээлэн, 4 музей, Улсын номын сан гэсэн цомхон бүтэцтэй, 178 эрдэм шинжилгээний ажилтантай  байгуулагдсан Монгол Улсын ШУА өргөжин тэлсээр 1990-ээд он гэхэд Монгол Улсад шинжлэх ухааны олон салбарын 100 орчим хүрээлэн, төвүүд, 6000 гаруй ажилтан бүхий улсынхаа шинжлэх ухааны тогтолцооны төв байгууллага болоод байв.

1990-ээд оноос хойших 30 жилд төр, засгийн бодлого шинжлэх ухаан, технологийн салбарыг нийгмийн тогтолцооны өөрчлөлтөд нийцүүлж шинэчлэхэд чиглэгдэж ирсэн юм.

Монгол Улсын Шинжлэх ухааны академи нь 2021 оны байдлаар 16 хүрээлэн, зургаан салбарын чуулган, хоёр харьяа бүтцийн академи, 900 эрдэм шинжилгээний ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Өдгөө ШУА-ийн эрдэмтэн судлаачид түүхт ойн хүрээнд Монгол Улсад дэлхийн жишигт нийцсэн шинжлэх ухаан, технологийн олон салбар бүхий үндэсний шинэ тогтолцоо бүрэлдэн хөгжсөний бодит баримт нотолгоо болсон “Монгол Улсын Шинжлэх ухааны түүх” таван боть бүтээлийг туурвин, уншигч түмэндээ өргөн бариад байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэд(124.158.69.91) 2022 оны 06 сарын 10

Эрдэмтдийнхээ бүтээлийг идэж чадахгүй байгаа нь эрдэмтдийн буруу гэж хэлэхэд аэцүү.Манайд шинжлэх ухааныг хэрэглэх үйлдвэрүүдээ 1996-2000 онд бүрэн устгаж амжсан учир одоо цаасыг нь идэх л үлдээд байна.Элгээрээ мөлхөж байгаа иргэд бидэнд хаа байсан шинжлэх ухаан.1981 онд шинжлэх ухаанд төсвийн 1.5 хувийг зориулах шийдвэрийг тэр үеийн Сайд нарын зөвлөл гаргасан боловч 1990 оныг хүртэл О.7-1.0 хувийг олгож байжээ.1990 оноос хойш буурсаар одоо 0.08 хувийг зориулж байна.ШУ-аа ад үзэх,татан буулгах сонирхолтой хүн олон болжээ.Хөгжих ньээ

0  |  0
Уншигч(192.82.76.11) 2021 оны 11 сарын 18

Заа, юу л болдоо! Монгол Улс шинжлэх ухаанчаар хөгжиж чадаж байгаа бил үү? Академичдэд өгдөг мөнгөн хангамжийг зонсоох хэрэгтэй. Дэлхийн түвшиний мэдлэг бүтээж чадахгүй байгаа хэдэн өвчүүдэд татвар төлөгч бидний мөнгийг өгдгийг зогсоохын төлөө байна.

0  |  0
AKADEMI bolj chadaj (148.60.92.227) 2021 оны 11 сарын 18

akademiin gisyyd bolon tednii byh hymyysiin orolzogchidiin snal hyseltiig abch chadsan uu?.....sinjlehyi yhaanii akademi maani SIRENDEBIIN yeiinh sig battai bolj chadah yy?.....hegiin nehedyyd l yabah yum!arhibiin material zarj asig oldog erdemted baigaa bol tedniig akademi ryy byy zyglyyl???????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!chol chimeg erdemiin ajil hiihiig ni ch horigloh yostoi biz ee

0  |  0
зочин(202.21.127.160) 2021 оны 11 сарын 18

нийт академичдийн тал нь л оролцож. бас Чулуун мэтийн хулхи академичид нь ирээгүй юм бишүү

0  |  0
Top