Г.Занданшатар: ЖДҮ-ийн форумаас гарах шийдвэрүүд онцгой ач холбогдолтой байх болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

Өнөөдөр /2021.11.19/ Төрийн ордонд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум 2021” арга хэмжээ болж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн  нэгдсэн форум 2021-д оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр мэндчилгээндээ “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум 2021”-д оролцогч, хатагтай, ноёд Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн зорилго бүхий Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг Улсын Их Хурал хэлэлцэн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр баталсан. Энэ хууль батлагдсанаар энэ ажлыг хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулагдсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.

Хуулийг хэрэгжүүлж эхлэх үед короновирусын цар тахал дэлхийн бүх улс оронд, түүний дотор манай улсад гарч, хэд хэдэн удаа хөл хорио тогтоож, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд асар их хохирол учирлаа. Энэ хүнд үед Улсын Их Хурал, Засгийн газраас хүн ам, хуулийн этгээдээ дэмжсэн иж бүрэн арга хэмжээг улсынхаа санхүүгийн боломж, эрх зүйн орчны хүрээнд авч хэрэгжүүлсэн. Өнөөдөр ч энэ дэмжлэгийн зарим хэсэг нь үргэлжлэн хэрэгжиж байгаа.

Энэ хүнд цаг үед ч шантраагүй, шинэ технологи нутагшуулж бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нэг жишээг авч ярья. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 онд хөнгөлөлттэй зээл авсан Жи Ай Эм И Икс /GIMEX/ компани Баянхонгор аймгийн Баянлиг суманд цагаан будаа тариалах төсөл хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд энэ жил анх удаа 2 га талбайгаас 10 тонн цагаан будааны ургац хураажээ. Энэхүү технологи нутагшуулсан төсөл нь цаашид Монгол оронд ялангуяа говийн бүсэд цагаан будаа тарих технологийг өргөжүүлэх, цаашид цагаан будаа, бусад үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн өндөр ач холбогдолтойг тэмдэглэж байна.

Цар тахлын хөл хорио зарим хүн, аж ахуйн нэгжид шинэ боломж олгож, шинэ бүтээгдэхүүн гэртээ үйлдвэрлэж, цахимаар борлуулж орлогоо нэмэгдүүлсэн олон жишээг Та бид сайн мэднэ. Цахим худалдаа болон захиалгат худалдаа, үйлчилгээ шинээр хөгжиж эхэллээ.

 

Манай улсад нүүдлийн уламжлалт өрхийн үйлдвэрлэл сайн хөгжсөн. Малчин өрх сүү, цагаан идээгээ боловсруулж, мах, махан бүтээгдэхүүн, дээл хувцас, гэр ахуйн хэрэгсэл болон малын тоног хэрэгслэлээ өөрсдөө үйлдвэрлэж ирсэн уламжлалтай. Ийм бүтээлч үйлдвэрлэгч малчин айл, өрх аймаг, сум бүрт бий. Энэ бол уламжлалт бичил үйлдвэрлэл төдийгүй гээж, орхигдуулж болохгүй соёл. Өрхийн үйлдвэрлэлээс жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэн хөгжүүлэхийг дэмжих, тэдгээрийн үйлдвэрлэлийн тоо, хэмжээг тусгайлан бүртгэх шаардлагатай байна.

XXI зууны жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг шинэ зууны ололт болсон ухаалаг технологид суурилсан аж үйлдвэрийн хувьсгал, иноноваци, цахим орчингүйгээр төсөөлөх аргагүй боллоо. Мөн тэднийг монголын үйлдвэрлэл, үйлчилгээний уламжлалт технологи, соёлоос нь салангид авч үзвэл бас өрөөсгөл болно.

Улсын Их Хурлын энэ удаагийн намрын чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлж байгаа. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх; халамжаас-хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах; хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх зарчим баримталж, стандарт-чанар-өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжүүлэх, төсвийн урсгал зардлыг бууруулах; үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан санхүүжилт, зарцуулалтын бүрэн эрхийг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, нийгмийн салбарт олгох шинэчлэлийн зорилтуудыг Улсын Их Хурал, Засгийн газраас дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газар хэд хэдэн хуулийн төсөл болон эдийн засгийг сэргээх чиглэлээр баримт бичгийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Энд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбар ч хамаарах болно. Саяхан батлагдсан 2022 оны улсын төсөв эдийн засгийн шинэ бодлогын эхний баримт бичиг юм.

Энэхүү форумаас гарах шийдвэр нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг сургах, хамтран үйлдвэр, үйлчилгээгээ кластераар хөгжүүлэх, аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо, чанарыг нэмэгдүүлж, санхүүгийн чадварыг сайжруулах, өнөөгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлох зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдэхэд онцгой ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2021-ыг зохион байгуулагч болон оролцогчдод талархал илэрхийлж, цаашид тус салбарыг хөгжүүлэх үйлсэд тань амжилт хүсье” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
William(129.205.124.89) 2021 оны 11 сарын 20

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Тэд хийсэн хагалгааных нь төлөө хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгөө надад өгдөг [drmax.hospital@gmail.com ]\nӨөрт байхгүй зүйлээ а

0  |  0
Top