Өнөөдөр /2021.11.19/ Төрийн ордонд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум 2021” арга хэмжээ болж байна.
Энэ жилийн форум “Цар тахал ба Эдийн засаг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан форумын талаар хэлэхдээ цар тахлын үед ЖДҮ салбарын бодит байдал ямар байгааг, даван туулах ямар гарцууд байгаа талаар хэлэлцэнэ гэсэн юм.
Сануулахад, Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын 17-нд "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталсан билээ. Энэ төлөвлөгөөнд тусгасан чиглэлүүдийн нэг гол цөм нь ЖДҮ-ийн салбарыг дэмжих тухай байсан.
Түүнчлэн Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих Монголбанкны репо санхүүжилтийн хүрээнд энэ салбарыг чадавхжуулах, бэхжүүлэх ажлууд хийгдэж байна.
Тухайлбал, ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээлийг банкyудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа.
Энэ сарын 12-ны өдрийн байдлаар ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд 24.923 зээлдэгч хамрагджээ. Нийт 1,904.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Уг зээлийн үр дүнд 104.669 ажлын байр хадгалагдсан гэж ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан илтгэлдээ дурдлаа.
Дашрамд тодотгоход, ажлын байрыг дэмжих уг зээлийн хөтөлбөрийг цаашид гурван их наяд төгрөг болгон өргөжүүлэхээр Засгийн газар төсөл танилцуулаад байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байсан.
Тэрбээр “Уул уурхайн бус экспортыг дэмжих репо санхүүжилтийг 725 тэрбум төгрөгийг 3,100 зээлдэгчид олгосон байна. Сүүлийн үед өөрчлөлт оруулж 200 хүртэл ажилтантай үйлчилгээний салбарыг энэ төрлийн үйлчилгээнд хамруулахаар болсон” гэсэн юм.
Сангийн сайд Б.Жавхлан “Гуравдугаар сард эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөр бидний төсөөлж байснаас илүү хүртээмжтэй, хурдтайгаар зээл олгогдож байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд олгогдож байгаа зээлүүдийн эцсийн зорилго ажлын байрыг хамгаалах, улмаар эдийн засгаа дэмжих юм. 10 их наядын төлөвлөгөө энэ түүхэн үүргээ биелүүлж байна гэж бид үзлээ” хэмээн өнгөрсөн долоодугаар сард мэдэгдэж байсан.
Ажлын байр дэмжих зээлд төсөвлөсөн хоёр их наяд төгрөгийн санхүүжилт дуусч байгаа ч, зээлийн эрэлт их байгаа учраас гурван хувийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага байгаа гэж Засгийн газар үзэж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )