Япон стратегийн нөөцөөсөө 4.2 сая баррель газрын тос худалдана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Японы Засгийн газар газрын тосны үнийг тогтворжуулах зорилгоор стратегийн нөөцөөсөө 4.2 сая баррель газрын тос худалдахаар болжээ.

“Nikkei” сонинд мэдээлснээр, тендерийг энэ онд зарлаж, нийлүүлэлтийг ирэх оны гуравдугаар сард багтаан хийхээр төлөвлөж байна. 4.2 сая баррель газрын тос нь Японы 1-2 өдрийн хэрэглээг хангах нөөц аж.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны мэдээллээр, тус улсын нутаг дэвсгэр дэх улсын болон хувийн 10 агуулахад 467 сая баррель газрын тос хадгалагдаж байна. Энэ нь тус улсын 235 хоногийн хэрэглээг хангахад хүрэлцэхүйц нөөц аж.

Японы Улс төрийн дэвшилтэт судалгааны үндэсний хүрээлэнгийн профессор Хисанори Нэигийн хэлснээр, Японы хууль тогтоомжийн дагуу зөвхөн газрын тосны хангалтгүй нийлүүлэлт, хомсдол үүсэх эрсдэл үүсэх эсвэл байгалийн гамшгийн үед стратегийг нөөцийг ашиглах заалттай. Тиймээс газрын тосны үнийн түр хугацааны өсөлтөөр шалтгаалан газрын тосыг стратегийн нөөцөөс зах зээлд гаргах нь хүндрэлтэй гэжээ.  

Мягмар гарагт /2021.11.23/ АНУ стратегийн нөөцөөсөө 50 сая баррель газрын тос гаргах тухай мэдэгдсэн билээ. Цагаан ордны мэдээлснээр, Их Британи, БНХАУ, Энэтхэг, БНСУ, Япон зэрэг улс орнууд мөн ийм алхам хийхээр болжээ.

Top