ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

Өнөөдөр 2021.11.25. Билгийн тооллын 21. Монгол эх оронд маань нар 08 цаг 13 минутад мандлаа, 17 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -2 хэм, шөнөдөө -12 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр. Туркменистанд Ургацын баяр.

Энэ өдөр Америкийн дуучин Эми Грант, Оросын зохиолч Андрей Кивинов, Канадын жүжигчин Жилл Хеннесси, Америкийн жүжигчин Кристина Эпплгейт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр Улсын анхдугаар их хурал өндөрлөв. Арваннэгдүгээр сарын 8-25-нд үргэлжилсэн хурлаар Монгол Улсын анхны үндсэн хуулийг хэлэлцжээ.

1925 оны энэ өдөр Хянан байцаах яам байгуулагджээ.

1974 оны энэ өдөр “БНМАУ-ын Хүндэт иргэн” цолыг бий болгож, Л.И.Брежневт анх удаа тус цолыг хүртээжээ.

1990 оны энэ өдөр Батлан хамгаалах яаманд Тамгын хэлтэс шинээр байгуулав.

2010 оны энэ өдөр Монгол туургатны хөгжмийн зохиолчдын “Тэнгэрийн дуудлага” хөгжмийн наадам Улаанбаатар хотод анх удаа болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1867 оны энэ өдөр Альфред Нобель динамитын патент авчээ.

1936 оны энэ өдөр Герман болон Япон улс коминтерны эсрэг гэрээ байгуулсан байна.

1940 оны энэ өдөр бөмбөгдөгч онгоц “Де Хевиллэнд Москүйто” анхны нислэгээ хийжээ.

1941 оны энэ өдөр Финланд улс коминтерны эсрэг гэрээнд нэгджээ.

Өнөөдөр үс засуулвал өвчин ирнэ.

Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш, шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top