Ипотекийн зээл түүхэн өндөр хэмжээ буюу 1 их наяд төгрөг шүргэх нь

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

Сангийн яамнаас өнөөдөр /2021.12.02/  өгсөн мэдээллээр энэ оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар ипотекийн зээлд 925,7 тэрбум зээл олгогдоод байна.

Өчигдөр Монголбанкнаас өгсөн мэдээллийг сануулахад, орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний арван сарын эцсийн байдлаар Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 868.5 тэрбум төгрөгийн зээлийг 11.5 мянган өрхөд олгосон нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.3 дахин өссөн дүн юм.

Тодотгоход, өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээлийг олгож байсан бол энэ  онд сард дунджаар 84.4 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.

Түүнчлэн, 2021 оны арваннэг  болон арванхоёрдугаар саруудад нийт Монголбанкнаас 70 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 46.7 тэрбум төгрөгийг нэмж, нийт 116.7 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байгааг Монголбанкнаас мэдэгдэж байсан юм.

Монголбанкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top