“Авлигын эсрэг үндэсний чуулган 2021” өчигдөр /2021.12.08/ зохион байгуулагдсан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн цөм асуудлуудын нэг нь төр өөрөө авлигыг өдөөгч, эх үүсвэр байхаа болих тухай байгаа юм. Түүнчлэн “Авлигын эсрэг үндэсний чуулган” нийгмийн бүхий л талуудын анхаарлын төвд байсан.
Тэгвэл тус чуулганд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин оролцож, авлигыг халах шаардлага хийгээд арга замын талаар байр сууриа хуваалцлаа.
"Ихэнх тохиолдолд ажил хариуцаж байгаа хүнээ ямар нэгэн байдлаар асуудлаа зохицуул гэдэг. Түрүүлж өөрийнхөө асуудлыг шийдсэнийгээ зөв гэж ойлгоод байдаг энэ уламжлалт хандлагаас салахгүйгээр чөтгөрийн тойрог арилахгүй. Өөрсдөөсөө шударга ёсыг тогтоохыг бизнес эрхлэгчиддээ хандан уриалмаар байна” гэж тэрбээр хэлсэн.
Мөн “Авлига өөрөө хоёр талын оролцоотой байна. Тендер худалдан авалттай холбоотой, зөвшөөрөл, төрийн аливаа шийдвэрийн эс үйлдэхүйтэй холбоотой. Бизнес эрхлэгчдийн зүгээс ажлаа бүтээх гээд түрүүлж санал болгох нь байна. Төрийн зүгээс эс үйлдлээр. Үүнийг бид яаж засах вэ гэхээр үүнийг ойлгож, өөрсдөөсөө шударга ёсыг тогтоож эхлэх ёстой.
Сошиал маш сайн хөгжсөн энэ үед бизнесийн ёс зүйг эрхэмлэх юм бол бизнесийн нэр хүнд өсч, үнэт зүйл бий болно гэдэг талаас маш их ярьж хэлж байгаа.
Судалгаанаас үзэхэд авлига, залилангаас үүсэх эрсдэлийг бизнес эрхлэгчид тооцоолдоггүй байна. Тухайн агшинд асуудлаа шийдэж байвал болчихдог, дараа нь асуудал хөндөгдөнгүүт намайг хохироочихлоо гээд асуудал үүсгэдэг. Өөрсдөө шүгэл үлээж, эрх ашгаа хамгаалж мэддэггүй, асуудлаа зөв газарт хандаж тавьж чаддаггүй, нэг бол бухимдаад яваад байдаг, нэг бол өөрөө шийдчих гээд үзээд байдаг. Энэ бол Монголд мэргэжлийн ТББ-ууд үүсээгүйтэй холбоотой юм уу. ТББ-уудын чиг үүрэг дундын эрх ашгийг хамгаалах чиглэлд яваагүйтэй олон зүйл холбоотой байдаг юм болов уу гэж тайлбарлаад байгаа. Тэр утгаараа ХАҮТ-ын шинэ хуулийг мэргэжлийн дагнасан танхимд суурилсан үндэсний танхим гэж яриад байгаа. Нийтлэг эрх ашгаа системээрээ шийдэхгүй бол бид үүнээс ангижирч чадахгүй байна.
Ашиг сонирхлын зөрчил илэрсэн тохиолдолд компаниуд яг яахыгаа мэддэггүй, хэнд хандахаа мэддэггүй. Уг нь АТГ маш их ажил хийгээд байдаг, гомдлоо бидэнд өгөөч, бид шалгая гэхээр бид бараг гурван саяулаа бие биенээ таньдаг, мэддэг. Нэг хүнээр дамжаад таньчихдаг. Энэ зовлонгоосоо болоод асуудлаа өөрсдөө гаргаж тавьж, шүгэл үлээдэггүй. Түрүүлж өөрийнхөө асуудлыг шийдсэнийгээ зөв гэж ойлгоод байдаг энэ уламжлалт хандлагаас салахгүйгээр чөтгөрийн тойрог арилахгүй.
Шинэ үеийн бизнес эрхлэгчид цоо шинээр асуудалд ханддаг болмоор байгаагаа яримаар байна. Авлигыг үл тэвчих дотоод зохицуулалтгүй. Ихэнх тохиолдолд ажил хариуцаж байгаа хүнээ ямар нэгэн байдлаар наадахаа зохицуул гэдэг. Өөрсдөөсөө өөрчлөлтийг эхэлье гэдгийг бизнес эрхлэгчдээсээ уриалмаар байна. Үнэхээр эс үйлдлээрээ асуудлыг шийдэж өгөхгүй бол ханддаг тэр механизмыг бий болгоё.
МҮХАҮТ дэргэдээ Комплаенсын зөвлөл, Нийгмийн хариуцлагын зөвлөл, Бизнесийн ёс зүйн төвийг ажиллуулж байна” гэхчлэн мэдээлэл өгсөн юм.
Сэтгэгдэл ( 1 )
dandaa uuruu uuruu uuruu gene muu hulgaichuud