Баянзүрхчүүд үнсийг ангилан ялгаж, дахин боловсруулах төсөлд нэгдлээ

2021 оны 12 сарын 23

Өвлийн улиралд гэр хорооллын нэг өрхийн хог хаягдлын 70 хувь нь үнс байдаг. Судалгаагаар Улаанбаатар хотын хог хаягдлын 48 хувийг үнс дангаар эзэлдэг байна.  Байгаль орчны яам, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас сайжруулсан түлшнээс гарч буй үнсийг ангилан ялгах төслийг хэрэгжүүлж буй. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт сайжруулсан түлшнээс гарч буй үнсийг дахин боловсруулах, түүнийг энгийн хог хаягдлаас ангилж, тээвэрлэх үйл ажиллагааг 9, 17, 27 дугаар хороодод зохион байгуулж байна.

Үнсийг 20 хувийн орцтойгоор хөтөч хавтан, явган хүний замын материал зэрэг барилгын материалын түүхий эдэд ашиглахаас гадна хөрсөнд бордоо болгон  ашиглаж болно.  Айл өрхүүд үнс, хогоо тусад нь ангилж ачуулснаар төвлөрсөн хогийн цэгт тусад нь бэлтгэсэн талбайд асгаж шигшилт хийх юм. Цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд Стандарт хэмжил зүйн газраас нийтээр дагаж мөрдөх стандартыг баталжээ.

Эхний ээлжид Нийтлэг үйлчилгээний газар 3-ын хариуцсан бүсийн хоёр хороонд иргэдэд үнсээ ахуйн хог хаягдлаасаа хэрхэн ангилж, савлан бэлтгэх талаар сургалт явуулж, үнсийг ангилан ачуулж эхлээд байна.  Иргэд ямар ч хог хаягдлын хольцгүй, дахин боловсруулах шаардлагад нийцүүлэн, үнсээ ялгаж сурах нь чухал байгааг НҮГ-3-ын дарга Т.Энхжин онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top