ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 04

Өнөөдөр 2022.01.04. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа, 17 цаг 12 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -23 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Пуэрто Рикагаас гаралтай Америкийн мэргэжлийн боксчин Жон Руис, Америкийн жүжигчин, зохиолч Шарлин Йи, Английн хөлбөмбөгч Жеймс Милнер, Германы хөлбөмбөгч Тони Кроос, Италийн хөлбөмбөгч Альберто Палоски, Испанийн дуучин, жүжигчин Мария Исабель зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1920 оны энэ өдөр Александр Колчакийн “Оросын Дээд Захирагч” болон Дээд Ерөнхий Командлагч цолыг хураажээ.

1923 оны энэ өдөр «Правда» сонинд В.И.Лениний тэмдэглэлээс хэвлэжээ. Тэмдэглэлд Ленин бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцэх тэмцлийг хүчтэй болгохыг уриалсан байв.

1943 оны энэ өдөр Америкийн «Тайм» сэтгүүл Оны хүнээр И.В.Жугашвилийг нэрлэжээ.

1948 оны энэ өдөр Мьянмар улс тусгаар тогтнолоо зарлав.

1951 оны энэ өдөр БНАСАУ-ын цэргүүд Хятадын сайн дурынхны дэмжлэгтэйгээр Сөүлийг дахин эзлэв.

1985 оны энэ өдөр Хойд Лондоны эмнэлэгт дэлхийн анхны тээгч эх охин төрүүлжээ.

2016 оны энэ өдөр Саудын Араб, Бахрейн болон Судан улс Иранаас дипломат харилцаагаа таслав.

Энэ өдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top