Өнөөдөр /2022.01.04/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар мэдээллийг холбогдох байгууллагуудаас хийлээ.
Энэ үеэр Ч.Хүрэлбаатар гишүүн Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банктай холбоотой асуудлуудыг хөндөж, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнөөс асуулт асуулаа.
Тэрбээр “Чингис хаан банканд байгаа төрийн 140 тэрбум төгрөг төлөгдсөн үү. Үндэсний хөрөнгө оруулалтын банк 12 дугаар сарын 1-нд 100 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 12 дугаар сарын 20-ны үед банкны Ажлын хэсэг ажиллаж байхад 90 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Одоо яг хэдэн төгрөгийн үлдэгдэл байгаа вэ. Үүнтэй холбоотойгоор Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Монголбанк 14 тэрбум төгрөг өгөөд, зээлдүүлээд тус банканд байгаа Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хаалгасан гэдэг мэдээлэл байгаа. Энэ үнэн үү. Монголбанк яахаараа банкуудад, тэр тусмаа төлбөрийн чадвар асуудалтай байгаа банканд зээл олгодог юм? гэсэн асуулт тавилаа.
Г.Дөлгөөн түүний асуултад “14 тэрбум төгрөг өгсөн асуудал дээр Төв банк хүлээн зөвшөөрч байна. Оны өмнө шийдвэр гарсан. Үндэсний хөрөнгө оруулалтын банканд одоо 76 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа. Энэ банкны хувьд сүүлийн гурван сарын хугацаанд мөнгөн урсгалд нь тодорхой хэмжээний өөрчлөлт орж эхэлсэн. 15 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн” гэв.
Мөн тэрбээр "Ковид цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор аливаа банк төлбөрийн чадавхгүй болсон үед Монголбанк тусламж хэлбэрээр зээл олгоно гэсэн Түр журам батлагдаад хоёр жил болж байгаа. Энэ журмын хүрээнд банкуудад дэмжлэг үзүүлж ирсэн" гэдгийг онцоллоо.
"Чингис хаан" банкны тухайд төлбөрийн чадваргүй гэсэн дүгнэлтийг Монголбанкнаас гаргаж, удаа дараа шаардлага хүргүүлсэн гэсэн мэдээллийг мөн өгөв.
Сэтгэгдэл ( 1 )
Улаан цагаандаа гарчихсан хуйвалдагчид юм доо