ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Өнөөдөр 2022.01.06. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа, 17 цаг 15 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -20 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дайнаас өнчирсөн хүүхдүүдийн дэлхийн өдөр, Алимны модны өдөр. Иракт өнөөдөр Зэвсэгт хүчний өдөр бол Исландад өвлийн дунд үе буюу Йоль баяр, АНУ-д Технологийн үндэсний өдөр.

Энэ өдөр Францын үндэсний баатар Жанна д’Арк, агаарын бөмбөлөг зохион бүтээсэн Жак-Этьенн Монгольфье, домогт Трояг нээсэн археологич Хенрих Шлиман, Италийн жүжигчин Адриано Челентано, “Pink Floyd” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Сид Баррет, “AC/DC” рок хамтлагийн гитарчин Малколм Янг, Мистер Бин буюу Роуэн Аткинсон, Оросын загвар өмсөгч Ирина Шейк зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1896 оны энэ өдөр ах, дүү Люмерийн “Ла Сёота буудалд галт тэрэг ирлээ” киноны нээлт болж байжээ.

1912 оны энэ өдөр Нью Мексико АНУ-ын 47 дахь муж болжээ.

1929 оны энэ өдөр Хенрих Химмлер СС-гийн тэргүүн болов.

1943 оны энэ өдөр Улаан армийн бие бүрэлдэхүүн мөрдэс зүүдэг болжээ.

1992 оны энэ өдөр Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс тусгаар тогтнолоо зарлав.

2015 оны энэ өдөр манай нарны аймгаас гадна орших Дэлхийтэй хамгийн төстэй “Kepler-438b” гарагийг илрүүлжээ.

Энэ өдөр үс засуулвал бие, эрхтний хүч сайжирна.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top