10 их наядын төлөвлөгөө 2021 онд 89 хувь хэрэгжсэн гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгасан энэ оны гол  зорилтууд давж биелсэн гэсэн мэдээллийг  Сангийн яамнаас өгч байна. 

Уг төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахдаа дараах мэдээллийг өгсөн юм.

Цар тахлын улмаас улс орны эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агшиж, төсвийн алдагдал ДНБ-ий 12 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн бөгөөд зах зээлийн тодорхойгүй байдлын улмаас банкуудаас олгох зээлийн хэмжээ буурч, банкуудын нийт 8 их наяд төгрөгийн эх үүсвэр Төв банкны үнэт цаасанд байршаад байсан талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулсан. 

Түүнчлэн 2020 онд нийт 65000 гаруй ажлын байр алдагдаж, цаашид эдийн засгийг сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй тохиолдолд 130.000 гаруй ажлын байр алдах эрсдэл үүссэн байсныг дурдлаа. Энэ үед Засгийн газар, Монголбанк хамтран иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, орон сууцжуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого амьжиргааг сайжруулахаар Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10  их наядын цогц төлөвлөгөө”-г баталжээ.
 
Өнөөдрийг хүртэл ажлын 204 өдрийн турш хэрэгжүүлж байгааг дэд сайд дурдав. Энэхүү цогц төлөвлөгөөний хүрээнд нийт хүн амын 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулах, 3500 аж ахуйн нэгж, 20.000 иргэнд хөнгөлөлттэй зээл олгож, ингэснээр 120.000 гаруй ажлын байрыг хадгалж, эдийн засгийн өсөлтийг бий болгох өөдрөг зорилтыг дэвшүүлж байсан юм. 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар эдгээр зорилтоо давуулан биелүүлсэн гэх дүгнэлтийг С.Мөнгөнчимэг сайд Байнгын хороонд танилцуулав.

 Тухайлбал, хүн амын 64.5 хувийг вакцины бүрэн тунд хамруулж, 7883 аж ахуйн нэгж, 54.830 иргэнд хөнгөлөлттэй зээл олгожээ. Төлөвлөгөөд тусгагдсан ажлын байрыг дэмжих репо санхүүжилтийн зээлд хамрагдсан бизнес эрхлэгчдийн 144.000 ажлыг байрыг хадгалж, ипотекийн зээлийн хөтөлбөрийн дам нөлөөгөөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн 171.000 ажлын байрыг хадгалсан байна. Мөн цогц төлөвлөгөөний хүрээнд банкуудын эх үүсвэрээр олгогдсон ажлын байрыг дэмжих, 25.400 бизнес эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд эдгээр бизнес эрхлэгчдийн зээлийн хүүгийн 7 хүртэлх нэгж хувийг Засгийн газар хариуцан төлөхөөр зохицуулжээ.

Энэ хүрээнд 2021 оны арван хоёрдугаар сарын гүйцэтгэлээр нийт 64.7 тэрбум төгрөгийн хүүгийн татаас хэлбэрээр санхүүжүүлсэн байна. Нийт 9657 аж ахуйн нэгж НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдэж, гүйлгээний баримтын тоо 2020 онтой харьцуулахад 5 хувиар өсч, 647 саяд хүрчээ. Улмаар дотоодын НӨАТ-ын орлогын хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрч, 2020 онтой харьцуулахад 19.6 хувиар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ 2021 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн гэв.

 Цогц төлөвлөгөөний нөлөөгөөр банкны нийт зээл олголт цар тахлын өмнөх үеэс 10 орчим хувиар өсч, 20 их наяд төгрөгт хүрчээ. 2021 оны эдийн засгийн бодит өсөлт 1 хувьд хүрч агших төлөвтэй байсан ч “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10  их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 4.5 нэгж пунктээр сайжирч, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2021 оны эдийн засгийн өсөлт 3.5 хувьд хүрэхээр байгаа гэлээ.

 Цогц төлөвлөгөөнд тусгасан нийт 56 арга хэмжээний 25 арга хэмжээг 2021 онд, 3 арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн, 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшин, нөхцөл байдлаас хамаарч тухай бүрд нь хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2021 оны төлөвлөгөөний биелэлт 89 хувьтай гарсан байна.

 Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл нь бизнес эрхлэгчдийн зээлийн хүүгийн зардлыг бодитойгоор бууруулж, цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалж, үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа хэмээн дүгнэж, Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн  131 дүгээр тогтоол баталж, зээлийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” нь 2021-2024 онд хэрэгжих, дунд хугацааны хөтөлбөр боловч өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, улс орны эдийн засгийг сэргээх түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэн, үр дүн, хүртээмж өндөртэй энэхүү цогц төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас шаардлагатай бүх нөөц бололцоог дайчлан ажиллана гэсэн мэдээллийг Сангийн яамнаас өгөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top