Алексей Гатапов: Чингис хааны зохиолоороо кино хийх хүсэлтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Буриадын зохиолч Алексей Гатаповын “Тэмүжин” түүхэн романы IV боть худалдаанд гарснаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Төгсгөлийн буюу тав дахь ботио зохиолч саяхан бичиж дуусгасан бөгөөд Цагаан сараар уншигчдын хүртээл болох юм. Буриадын “Информ Полис” агентлагийн сурвалжлагч түүнтэй уулзан ярилцжээ.


-Алексей Сергеевич, тав дахь ботио хэр удаан бичив? Төгсгөлийн хэсэг нь хэцүү байв уу?

-Би 2018 онд 4 дэх ботио дуусгаад нэг сар амраад л төгсгөлийн хэсгийн ажилдаа орсон. 2021 оны арванхоёрдугаар сарын 28-нд сүүлийн цэгээ тавилаа. Сайхан урсаад явж байна гэж бодож байсан ч үнэхээр төгсгөлийн хэсэг хэцүү байлаа. Олон үйл явдлыг дүгнэн цэгнэж, нэг барианд оруулах гэж нэлээд суусан.

-"Тэмүжин" романы сүүлийн хэсэгт ямар түүхэн үйл явдал гарах вэ?

-Тав дахь боть маань Чингис хаан 13 настай байсан үеийн ердөө ганц зуны үйл явдлыг хамрана. Дөрөв дэх боть монгол ноёд татаруудад бут цохигдоод, Тэмүжин дээр ирж, хаан бол гэж ятгаж байгаа хэсэг дээр дууссан. Тэд түүний ард, ааваас нь үлдсэн цэргүүдийнх нь ард нуугдахыг хүсэж байсан ч үнэндээ Тэмүжинг тоохгүй байсан юм. Харин Тэмүжин тэднийг цус урсган дарж, жинхэнэ хаан болж байгааг өгүүлнэ.

-Энэ романыг бичихэд хэдэн жил зарцуулав. Энэ хооронд таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-2001 оноос бичиж эхэлсэн гэхээр 21 жил өнгөрчээ. Амьдралын минь багагүй хэсэг энэ романтай холбоотой. Энэ хооронд би “Монголын түүхэн лавлах бичиг” төсөл дээр ажиллаж, “Первый нукер Чингисхана” ном гаргаж,  “Шоно-Батор”-ыг орос хэлэнд хөрвүүлсэн. Хоёр жил Байгаль сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллаж байхдаа зохиолоо бичээгүй. Орчин үеийн бусад зохиолчдын нэгэн адил халтуур ч хийж байлаа. Зарим номоо жинхэнэ нэрээрээ, заримыг нь нууцаар хэвлүүлсэн. “Тэмүжин” романы ажил эгэл жирийн хүний амьдралтай минь зэрэгцээд л явж байсан. Яарч сандралгүй, үйл явдлуудаа сайтар эргэцүүлэн бичсээр байсан.
 


-Та яагаад Их хааны өсвөр насны үеийг бичихээр сонгосон бэ?

-Би Чингис хааны түүхийн харанхуй үе буюу 9-13.5 настай байх үеийг харуулсан. Энэ үеийн талаар Монголын нууц товчоо болон бусад эх сурвалжид бараг дурдаагүй байдаг. Их Монгол улсын эзлэн түрэмгийллийг л хүмүүс бичээд байдаг. Миний эхний хоёр боть 720 хуудастай бол Монголын нууц товоонд яг тэр үеийг ердөө 12 хуудсаар л дуусгасан байдаг. Энэ цагаан толбыг арилгахын тулд би үйл явдлуудыг бага багаар нэгтгэн, логикоор сэтгэж, заримыг нь бүр таасан. Ямар ч сайн роман хүний бүх амьдралыг бичдэггүй. Түүхэн бүтээлийн зорилго бол тухайн үеийн уур амьсгалыг бий болгох. Хүмүүс юу иддэг байсан, юу хүсдэг, юунаас айдаг байсныг дэлгэрэнгүй харуулж байж роман сонирхолтой болно.

-XXI зуунд түүхэн роман бичих хэцүү юу? Яаж тэр үед орж чадав?

-Гэртээ сууж байгаад түүхэн зохиол бичих хэцүү. Ядаж XIX зуун байсан бол амар байх байлаа. Материалаа цуглуулаад түүхэн баримтыг гуйвуулалгүй, аль болох бодитоор бичихийг эрмэлзсэн. Нэгдүгээрт, Түүхийн боловсролтой минь их тус болсон. Түүхэн зохиолыг түүхч хүн л хамгийн сайн бичиж чадна. Хоёрт, би архивын баримт сайн судласан. Гуравдугаарт, би хөдөө тосгонд өссөн хүн. Долоон нас хүртлээ оросоор ярьдаггүй, буриад хэлээр л ярьж хүмүүжсэн. Мал маллаж, хадлан бэлтгэн, дөрөвдүгээр ангиасаа анд явж байсан. Хэрэв би хотод өссөн бол энэ романыг бичиж чадахгүй байсан. Дөрөвдүгээрт, орос утга зохиол тус болсон. Би М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцсан.

-Орчин үеийн зохиолчид нүүдэлчдийн тухай түүхэн роман бичиж чадахгүй гэсэн үг үү?

-Хотод төрж өсөөд, өвөл зун нь хээр талаар явж байгаагүй, морь унаагүй, мал маллаж үзээгүй, загас барьж, хээр түүдэг гал асааж үзээгүй байж яаж түүхэн роман бичих билээ дээ. Хөдөө байгальд хоёр өдөр бие даан амьдарч чадахгүй хүн түүхэн роман бичиж чадах уу? Би төсөөлөхгүй байна. Америк зэрэг соёл иргэншилтэй газар түүхэн зохиол туурвиж чадахгүй. Тэд түүхэн зохиол уншлаа ч талыг нь ойлгохгүй. Буриадууд бид өөрсдөө түүхээ мэддэггүй. Оросын түүхийг бага сага гадарладаг мөртлөө XV зуунд буриадууд юу хийж байсныг ч мэдэхгүй. “Тэмүжин” зохиолыг үзээд энэ талаар бага сага төлөөлөлтэй болж чадна. Одоогийн залуус буриадуудын талаар түүхэн роман бичиж чадахгүй. Монгол, Хятадын буриадууд ч чадахгүй, яагаад гэвэл тэд яс махандаа тултал буддын шашинтнууд. Тийм болохоор л сүүлийн 30 жилд Чингис хааны тухай олигтой ганц роман гараагүй. Өвөр монголчууд Тэмүжин романы эхний хоёр ботиор минь кино хийх санал тавьж, гэрээ байгууллаа. Очтол тэд кино зохиолоо ч бичиж чадахгүй юм. Өвөр монголчууд нүүдлийн соёлоос холджээ. Харин манай Буриад ахмадууд Улаанбаатарын монголчуудаас илүү Чингис хааны түүхэнд ойр улсууд. Япон, Америк, Орос, Казахстанд Чингис хааны кино хийсэн ч санаанд хүрэх кино байхгүй.

-Буриад залуучууд таны зохилоос юу олж мэдэх вэ?

-Ухаантай, тэнэг хүний талаар романд минь багагүй гарна. Тэр үед хэрэв чи тэнэг бол мал маллаад яв, эсвэл далд ор. Ухаантай хүн л тийм нөхцөлд амьдарч чадаж байсан. Чингис хааныг бүгд хаяад явахад тэр өлсөж үхэх ёстой байсан. Гэвч агуу ухаантай тэр хүн боолчлолоос гараад зогсохгүй дэлхийн хамгийн хүчирхэг хүн болж чадсан. Чингис хаан бол хоёрдугаар мянганы хүн.Буриад залуучууд миний номыг уншаад өвөг дээдсээ хэрхэн амьдарч байсныг мэдэж, ойлгож, одоотой харьцуулж болно. Одоогийн залуус ажил олдохгүй байна, амьдрал хэцүү байна гэлцдэг. Хэрэв Чингис хаан одоо амьдарч байсан бол супер корпорац байгуулсан, том магнат байх байлаа.

-Таны дараагийн уран бүтээл ямар сэдэвтэй байх бол?

-Чингис хааны өсвөр насыг өгүүлсэн болохоор логик ёсоор үргэлжлүүлэх хэрэгтэй. Гэхдээ чадах эсэхийг мэдэхгүй юм. Маш хэцүү, би их ядарсан. Ямар ч гэсэн сайхан амарч байгаад үзнэ дээ. Зохиолоо кино болгох хүсэл ч байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
р(66.181.161.82) 2022 оны 01 сарын 12

буриад нөхдүүд нэг л цаашаа ш дээ

0  |  0
h(192.82.80.230) 2022 оны 01 сарын 11

hhh

0  |  0
Top