Төрийн 1030 албан хаагчийг урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцжуулжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр 935.9 тэрбум төгрөгийн зээлийг 12.4 мянган өрхөд олгожээ.

Энэ нь хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сүүлийн 8 жилийн дээд үзүүлэлт болж байна. Холбогдох хууль, эрх зүйн баримт бичгийн хүрээнд зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах арга хэмжээг 3 удаа авч хэрэгжүүлж, давхардсан тоогоор 152,078 зээлдэгчийн 3.1 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ.

Мөн цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад зориулсан урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр түрээслээд өмчлөлд шилжих нөхцөлтэй орон сууцжуулах тусгай хөтөлбөрийн хүрээнд НОСК ХК-аас гаргасан 100 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг худалдан авснаар 2021 онд нийт 1,030 төрийн албан хаагчдыг урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр орон сууцжуулах ажил хэрэгжлээ гэж Төв банкнаас мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top