ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 01 сарын 13

Өнөөдөр 2022.01.13. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 08 цаг 38 минутад мандлаа, 17 цаг 23 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -23 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Монгол Улсад Үндсэн хуулийн өдөр бол Того улсад Эрх чөлөөний, ОХУ-д Хэвлэлийн өдөр.

Энэ өдөр Энэтхэгийн анхны сансрын нисэгч Ракеш Шарма, Английн дуучин, жүжигчин Грэм Макферсон буюу Саггс, Америкийн жүжигчин, найруулагч Патрик Демпси, Английн жүжигчин Орландо Блум, Рут Уилсон, Австралийн жүжигчин Лиам Хемсворт, Канадын уран гулгагч, олимпын аварга Габриэль Дэйлман зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1992.01.13: Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр “Wham-O” компани тоглоомон нисдэг таваг гаргаж эхэлжээ.

1967 оны энэ өдөр Того улсад цэргийн эргэлт болов.

1970 оны энэ өдөр Биафра бууж өгснөөр Нигерийн иргэний дайн дуусжээ.

1988 оны энэ өдөр Тайванийн уугуул Ли Тэн Хуй Тайвань улсаас гаралтай анхны Ерөнхийлөгч болов.

1993 оны энэ өдөр Химийн зэвсгийн конвенцод гарын үсэг зуржээ.

Энэ өдөр үс засуулвал эрхтэн хурц болно.

Эл өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top