ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Өнөөдөр 2022.01.14. Билгийн тооллын 12. Монгол эх оронд маань нар 08 цаг 38 минутад мандлаа, 17 цаг 25 минутад жаргана.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -21 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн логикийн өдөр. Узбекистанд Эх орноо хамгаалагчдын өдөр бол Гүржид Төрийн далбааны өдөр, Тайландад Үндэсний ой хамгаалах өдөр, Тунист Хувьсгалын болон Залуусын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскарын шагналт Фэй Данауэй, Америкийн кино найруулагч Стивен Эндрю Содерберг, рок хөгжимчин, “Foo Fighters” хамтлагийг үүсгэн байгуулагч Дэйв Грол, Италийн авто уралдаанч Жанкарло Физикелла, Бразилын хөлбөмбөгч Даниел Бесса, Английн дуучин, жүжигчин Эби Филлипс, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, модель Кай зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1976 оны энэ өдөр Улаанбаатар хотод шинжлэх ухаан, соёлын ордныг нээх ёслол болжээ.

2001 оны энэ өдөр Монгол Улсын Иргэний агаарын тээврийн “МИ-8” нисдэг тэрэг осолдож, 20 гаруй хүний амь нас үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон билээ.

2004 оны нэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Тэрбээр ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах ёслолд урилгаар оролцжээ. Монгол Улс ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч улс болсон байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1902 оны энэ өдөр Зүүн Хятадын төмөр зам Манжуур-Харбин чиглэлд галт тэрэг явуулж эхэлжээ.

1929 оны энэ өдөр Москва муж үүсгэн байгуулагдав.

1972 оны энэ өдөр Данийн хатан хаан II Маргрете хаан ширээнд суужээ.

1998 оны энэ өдөр Украины Дээд Рада ОХУ болон Украины хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээг батлав.

Энэ өдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top