ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Өнөөдөр 2022.01.17. Билгийн тооллын 15. Монгол эх оронд маань нар 08 цаг 36 минутад мандлаа, 17 цаг 29 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -12 хэм, шөнөдөө -24 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Испанид Үндэсний баярын өдөр.

Энэ өдөр Их Британийн дуучин Пол Янг, Америкийн жүжигчин Жим Керри, АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишель Обама, Нидерландын дижей Tiesto, Америкийн дуучин, жүжигчин Кид Рок, Францын жүжигчин Сильви Тестю, Оросын дуучин Митя Фомин, хөлбөмбөгч Дмитрий Кириченко, Америкийн жүжигчин, дуучин Зоуи Дешанел, сагсан бөмбөгч Дуэйн Уэйд, Шотландын дижей, продюсер Келвин Харрис, Украины мэргэжлийн богсчин, олимпын аварга Александр Усик зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоёр улсын хил орчмын бүс нутгийг зохистой, харилцан ашигтай ашиглах тохиролцоонд үндэслэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын төлөөлөгчид БНМАУ-ын Чойбалсан хотын төлөөлөгчидтэй Хөлөнбуйрт хэлэлцээ хийхээр тогтжээ. Хөлөнбуйр аймгийн 350 мянган толгой малыг Чойбалсан хотын хил орчмын нутагт өвөлжүүлэх, Чойбалсан хотын дөрвөн хэсэг бэлчээрийн газрыг Хятадын малчдад ашиглуулахаар санал нэгтэй шийдвэрлэжээ.

1958 оны энэ өдөр “Монгол-Хятадын иргэний агаарын тээврийн хэлэлцээ”-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

1967 оны энэ өдөр БНМАУ-Танзани улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

2012 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай зарлиг гаргасан билээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1919 оны энэ өдөр Польшийн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Игнаций Ян Падеревский тус улсын Ерөнхий сайд болжээ.

1920 оны энэ өдөр Зөвлөлт Орост цаазын ялыг албан ёсоор цуцлав.

1929 оны энэ өдөр Афганистаны эмир Инаятулла-хан тус улсыг дөнгөж гуравхан өдөр захираад төрийн эргэлтээр суудлаасаа буужээ.

Энэ өдөр үс засуулвал өлзийтэй сайн.

Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top