ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 01 сарын 20

Өнөөдөр 2022.01.20. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 08 цаг 33 минутад мандлаа, 17 цаг 33 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -18 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дагестанд Улсын боловсролын өдөр, Крымд Бүгд найрамдах улсын өдөр.

Энэ өдөр Америкийн усанд сэлэгч, олимпын дөрвөн удаагийн аварга Жон Нейбер, жүжигчин Эван Питерс, “Guns N’ Roses” хамтлагийн гишүүн асан, гитарчин, дуу зохиогч Трэйси Ганс, Их Британийн төгөлдөр хуурч Гэри Барлоу, Бельгийн хаан Филиппийн эхнэр Матильда, Оросын балетчин Анастасия Волочкова, модель, жүжигчин Ольга Бузова, Францын жүжигчин Омар Си зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1926 оны энэ өдөр аливаа яам, тамгын газрын түшмэдүүд ээлж халалцан суудаг ёсыг халах тухай шийдвэр гарч байжээ.

1933 оны энэ өдөр Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр ардын цэргийн ангиудаас зарим анги, салбарыг Хязгаарын цэрэгт шилжүүлэн өгөхөөр заажээ.

1964 оны энэ өдөр БНХАУ-ын Засгийн газрын Гадаад худалдааны төлөөлөгчид болон БНМАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчид 1964 онд хоёр улсын гадаад худалдааны асуудлаар тохиролцоонд хүрч, Бээжин хотод хоёр улсын Засгийн газар 1964 оны харилцан бараа нийлүүлэлтийн гэрээнд гарын үсэг зурав. Гэрээнд БНХАУ Монгол Улсад торго дурдан, цемент, химийн үйлдвэрийн түүхий эд, тоног төхөөрөмж болон өдөр тутмын төрөл бүрийн бараа зэргийг нийлүүлэх бол БНМАУ-аас БНХАУ-д морь, өлөн гэдэс болон  арьс, арьсан эдлэл зэргийг нийлүүлэхээр заажээ.

2004 оны энэ өдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун Хятад улсад албан ёсны айлчлал хийж, ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах ёслолд урилгаар оролцов. Монгол Улс ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч улс болсон байна.

Энэ өдөр үс засуулвал эд малын гарлагатай.

Эл өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Харин мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Их хүйтэн болох улирал 10 цаг 52 минутад эхэлнэ.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top