Газрын тосны үнэ 2014 оны 10 сараас хойших ТҮҮХЭН ДЭЭД түвшинд хүрэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Дэлхийн зах зээл дээр Брент төрлийн газрын тосны үнэ өчигдөр буюу нэгдүгээр сарын 19-нд баррель нь 88,96 ам.доллар, WTI төрлийн тосны үнэ  86,36 ам.долларт хүрлээ. Энэ нь 2014 оны аравдугаар сараас хойших түүхэн дээд үнийн түвшин юм.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр баррель газрын тосны үнэ 78.4-86.8 ам.долларын  хооронд хэлбэлзсэн.

Газрын тосны үнэ өнгөрсөн арванхоёрдугаар сарын дунд үеэс эхлэн тогтмол өсөлттэй байгаа нь  дэлхийн эдийн засгийн сэргэлт, нөөцийн хомстол, үйлдвэрлэлийн хүчин чадал хангалтгүй байгаа зэрэг олон асуудлууд нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. Газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлын нөлөөгөөр газрын тосны үнэ богино хугацаанд өндөр түвшинд хэлбэлзэж, 2022 оны эхний улиралд баррель газрын тосны үнэ 90 ам.доллароос  дээш өсөх хандлагатай гэж олон улсын судалгааны байгууллагууд таамаглаж байна.

“Голдман Сакс”-ын судалгаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны эхний улиралд 90 ам.доллар, 2 дугаар улиралд 95 ам.доллар, 3,4 дүгээр улиралд 100 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.

Харин Америкийн төв банк дэлхийн эрчим хүчний хямрал, байгалийн хий болон нүүрсний үнийн өсөлт зэргээс шалтгаалан 2022 оны  зургаадугаар сарын сүүлээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 120 ам.долларт  хүрнэ гэж таамагласан.

Үүнээс гадна Олон Улсын Эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-ийн гаргасан судалгаагаар 2022 оны дэлхийн газрын тосны эрэлт өнгөрсөн оныхоос өдөрт 4,2 сая баррелиар нэмэгдэж 100,6 сая баррельд хүрэх, газрын тосны олборлолт өнгөрсөн оныхоос өдөрт 5,3 сая баррелиар нэмэгдэх төлөвтэй байна гэж үзжээ.

ОПЕК+-ийн бүлэг 2022 оны хоёрдугаар сарын олборлолтоо нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэвээр үлдээж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу тус байгууллага 2021 оны дунд үеэс эхлэн сар бүр хоногийн олборлолтын хэмжээг 400 мянган баррелиар нэмэгдүүлсэн юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top