Инфляц тогтворжино гэсэн Төв банкны төсөөлөл хэвээрээ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Инфляцын хувьд өмнөх төсөөллөөс нэмэгдэн богино хугацаанд Төв банкны зорилтот интервалыг даваад байгаа ч дунд хугацаанд 6 +/-2 нэгж хувийн зорилтын орчимд тогтворжих төсөөлөл хэвээр байна. Инфляцын өсөлтөд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс голлон нөлөөлж буйг Төв банкнаас тодотгож буй.

Тодруулбал, богино хугацаанд хил, гааль дээр үүссэн импортын хадгалалт, тээвэрлэлтийн зардал, малын халдварт өвчин дэгдсэнээс шалтгаалсан махны үнийн өсөлт, шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөө инфляцыг өсгөх нөлөө үзүүлж байна. Мөн эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх хүлээлт хэвээр байна.

Дунд хугацаанд ханш сулрах, дэлхийн зах зээл дээрх хүнсний үнэ өсөх нь инфляцын төсөөллийг бага хэмжээгээр нэмэгдүүлэх ч 2022 оны сүүлийн хагасаас Төв банкны зорилтын орчимд тогтворжих төсөөлөлтэй байна. Цаашид нийлүүлэлтийн, зардлын шинжтэй хүчин зүйлсийн нөлөө саарахгүй байх нь инфляц дунд хугацаанд өндрөөр тогтох болгоомжлолыг үүсгэж байна гэж үзэж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top