ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 01 сарын 24

Өнөөдөр 2022.01.24. Билгийн тооллын 22. Монгол эх оронд маань нар 08 цаг 29 минутад мандлаа, 17 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -12 хэм, шөнөдөө -21 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын боловсролын өдөр. Румынд Нэгдлийн өдөр.

Энэ өдөр Америкийн дуучин, жүжигчин Нил Даймонд, Францын жүжигчин Даниэл Отёй, Жюли Дрейфус, Америкийн жүжигчин Эд Хелмс, Кэрри Кун, Оросын жүжигчин Екатерина Климова, Англи-Америкийн жүжигчин, модель Миша Бартон, Английн хөлбөмбөгч Томми Хобан зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929 оны энэ өдөр БНМАУ-ын 12 дугаар Бага хурал хуралджээ. Тус хурлаар Х.Чойбалсанг Улаанбаатар хотын тэргүүлэгчдийн даргаар сонгов.

1967 оны энэ өдөр БНМАУ-Этиоп улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

2011 оны энэ өдөр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ.

2015 оны энэ өдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлжээ. Энэ өдөр Монголд шинээр 181 иргэн мэндэлснээс гурав нь гадаадад,178 нь эх орондоо төрсөн байна. Эдгээр хүүхдүүдээс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охиныг Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодруулсан юм.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1935 оны энэ өдөр Америкийн Ричмонд хотод лаазтай пиво анх худалдаанд гарчээ.

1984 оны энэ өдөр анхны pc компьютер “Apple Macintosh” гарчээ.

2006 оны энэ өдөр Танэгашима сансрын буудлаас пуужин тээвэрлэгч “H-IIA”-гийн тусламжтайгаар зайнаас тандан судлах хиймэл дагуул “ДЗЗ ALOS”-ыг хөөргөсөн билээ.

2020 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын холбооноос гарах гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэ өдөр үс засуулвал идээ ундаа элбэг олдоно.

Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top