ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Өнөөдөр 2022.01.27. Билгийн тооллын 25. Монгол эх оронд маань нар 08 цаг 26 минутад мандлаа, 17 цаг 44 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -12 хэм, шөнөдөө -25 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Холокостын хохирогчдыг дурсах олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр ОХУ-д Ленинградыг чөлөөлсний өдөр бол Туркменид Эх орноо хамгаалагчдын өдөр.

Энэ өдөр Их Британийн «Pink Floyd» хамтлагийн бөмбөрчин Ник Мэйсон, «Iron Maiden» хамтлагийн гитарчин Яник Герс, Кубын зохиолч, сэтгүүлч Педро Хуан Гутеррес, Америкийн жүжигчин Брижит Жейн Фонда, Норвегийн биатлонч Уле Эйнар Бьёрндален, Канадын уран гулгагч, олимпын аварга Эрик Рэдфорд, Америкийн дуучин Эшли Грэйс, Испанийн хөлбөмбөгч Кристиан Бикел, Италийн хөлбөмбөгч Стефано Петтинари зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1952 оны энэ өдөр БНМАУ-ын Ерөнхий маршал Х.Чойбалсан Москва хотноо Кремлийн эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас баржээ.

1987 оны энэ өдөр БНМАУ Америкийн нэгдсэн улстай дипломат харилцаа тогтоов.

2006 оны энэ өдөр Батлан хамгаалахын сайдаар М.Сономпил томилогдон ажиллаж эхэлжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр В.И.Ленинийг оршуулжээ.

1944 оны энэ өдөр «Нэгдүгээр сарын аянга» ажиллагаагаар Лениградын бүслэлтийг бүрэн чөлөөлөв.

1945 оны энэ өдөр Польшт Освенцимын нацист хорих лагерийн хоригдлуудыг суллажээ.

1948 оны энэ өдөр АНУ-д магнитофон худалдаанд гарчээ.

1973 оны энэ өдөр Вьетнамд энх тайван сэргээж, дайн зогсоох Парисын хэлэлцээрийг үзэглэв.

Энэ өдөр үс засуулвал нүд бүрэлзэн улцайна.

Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top