Сар шинийн баярын өдөртэй холбоотойгоор орон нутагт зорчих хот хоорондын тээврийг хорих, хязгаарлах эсэх асуудал олон нийтийн дунд идэвхтэй яригдаж байна. Тэгвэл сар шинийн өдрүүдтэй холбогдуулан 21 аймагт ямар шийдвэрүүд гарсан талаар холбогдох эх сурвалжуудаас тодруулан, нэгтгэн хүргэж байна.
АРХАНГАЙ: “Улбар шар” түвшинд шилжсэнтэй холбоотойгоор сурагчдын хөдөлгөөнийг хязгаарлав
Архангай аймгийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн “Улбар шар” түвшинд шилжин ажиллаж байгаа. Коронавируст халдварын Омикрон хувилбар улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор орон нутагт ч халдварын тохиолдол нэмэгдэж байна. Улбар шар түвшин тогтоосонтой холбоотойгоор аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, урлаг спортын арга хэмжээ, жагсаал цуглаан, аялал зугаалга зохион байгуулахыг хориглох. Бүх төрлийн диско бар, өргөтгөсөн худалдаа, цахим тоглоомын төв, нийтийн халуун ус, саун, бассейн, алжаал тайлах төв, спорт заал, баяр ёслол тэмдэглэхийг хязгаарлах. Ерөнхий боловсролын сурагчдын хөдөлгөөнийг хязгаарлахад хяналт тавих, сар шинийн арга хэмжээг зөвхөн өрх дотроо, ам бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалаад байгаа юм.
Архангай аймгийн Шуурхай штабын мэдээлснээр хөл хорих эсэх асуудал яригдаагүй байгаа ажээ.
БАЯН-ӨЛГИЙ: Бөхийн барилдааныг үзэгчгүй зохион байгуулав
Баян-Өлгий аймгийн хувьд эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан коронавируст халдварын тархалтын “УЛБАР ШАР” түвшинд шилжин, энэ сарын 22-ны өдрөөс зарим нэг хязгаарлалтыг тогтоогоод байна.
Үүнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан соёл урлагын үйл ажиллагаануудыг хязгаарлах, баар, цэнгээний газрууд, сургалтын төв, үзүүлбэр үйлчилгээ, халуун ус, сауны үйлчилгээ, шашны байгууллага, барааны зах, цэцэрлэг, цахим тоглоом, спорт заал, бие бялдаржуурлах төв, амралтын газруудын үйл ажиллагааг бүрэн хориглохоор болжээ. Түүнчлэн хурим найр, бусад баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсан байна.
Харин хурал цуглаан, ресторан, зоогийн газруудын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй ажиллуулах шийдвэр гаргасан бөгөөд хүнсний зах, дэлгүүрүүд хэвийн ажиллах юм.
Дашрамд өгүүлэхэд, өнгөрөгч 21-ний баасан гарагт Баян-Өлгий аймгийн хэмжээнд сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг ямар ч үзэгчгүй зохион байгуулсан билээ.
БАЯНХОНГОР: Сум, аймаг, хот руу золголтоор зорчихгүй байхыг уриаллаа
Баянхонгор аймгийн онцгой комиссоос өнгөрөгч нэгдүгээр сарын 18-ны өдөр ард иргэддээ хандсан уриалга гаргасан. Тус уриалгад, олон улсын жишиг, улс аймгийн Онцгой комиссын шийдвэр зөвлөмжийг хэрэгжүүлж, өөрийн болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ коронавируст халдвараас хамгаалж, хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлэн “Цагаан сар”-ын баярыг сум, аймаг, хот руу золголтоор зорчихгүй, мөн гаднаас зочин хүлээн авахгүй зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлыг хөндсөн юм.
БУЛГАН: 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхийг гэрээс нь ажиллуулна
Өнгөрөгч нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Булган аймагт коронавируст халдварын 15 тохиолдол шинээр бүртгэгдсэн юм. Тиймээс халдвараас сэргийлэх арга хэмжээ авах тухай Засаг даргын А/40 дүгээр захирамж /2022.01.19/ гарч, хэд хэдэн арга хэмжээ авчээ.
Тодруулбал, нэгдүгээрт цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх, хоёрдугаарт аймгийн хэмжээнд хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг 50 хувийн танхимын дүүргэлттэй зохион байгуулах, гуравдугаарт дархлаажуулалтын нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах, дөрөвдүгээрт ажлын байранд коронавирусын халдвар тархах, хүний нөөцийн дутагдалд орохоос сэргийлж 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхийг гэрээсээ цахимаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх, тавдугаарт шүлхийн өвчлөлтэй холбоотойгоор отор нүүдэл, махны тээвэрлэлтэд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хөндөж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсөн байна.
ГОВЬ-АЛТАЙ: Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж нөхцөл байдал хүндэрч магадгүй
Говь-Алтай аймгийн онцгой комиссын 02 дугаар хурлын шийдвэрээр нэгдүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд спорт заал, фитнесс, усан бассейн, сүм хийдийн үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр 10.00-20.00 цагийн хооронд ажиллуулах, нийтийн хоол үйлдвэрлэлийн газар, ресторан, зоогийн газруудын үйл ажиллагааг 10.00-22.00 цагийн хооронд, баар караоке, пабын үйл ажиллагааг 10.00-20.00 цагийн хооронд явуулахыг тус тус зөвшөөрч, 22.00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон юм.
Тус шийдвэр ирэх 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд цааш үргэлжлэх эсэх талаар Аймгийн шуурхай штабаас тодруулахад “Өнөөдөр /2022.01.27/ Онцгой комисс хуралдана. Өмнө гарсан шийдвэр цааш үргэлжлэх байх гэж бодож байна. Сар шинийн өдрүүдэд иргэдийн хөл хөдөлгөөнийг хорихгүй. Коронавируст халдварын тохиолдол маш их, нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа учраас иргэд рүү чиглэсэн ухуулга, анхааруулга мэдээлэл өгч ажиллаж байна” гэлээ.
Өнгөрөгч өдөр /2022.01.26/ аймгийн хэмжээнд 96 PCR, 158 түргэвчилсэн шинжилгээ хийгдсэн бөгөөд 29 хүүхэд, 104 том хүн нийт 133 тохиолдол шинээр бүртгэгджээ.
ГОВЬСҮМБЭР: Зам хаах чиглэл ирээгүй
Коронавируст халдвар хүн амын дунд хурдацтай тархаж буйтай холбоотойгоор Говьсүмбэр аймагт нэгдүгээр сарын 13-наас тодорхойгүй хугацаагаар олон нийтийг хамарсан сургалт, семинар, хурал, урлаг, соёл, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх Засаг даргын захирамж гарсан. Одоогоор нөхцөл байдал ямар байгаа талаар аймгийн мэдээлэл хариуцсан ажилтнаас тодруулахад “Зам хаах гэх мэт чиглэл, мэдээлэл одоогоор гараагүй. Засаг даргын нэгдүгээр сарын 19-ний захирамжаар олон нийтийн арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах гэх мэт шийдвэр гарсан. Одоо хэрэгжээд явж байна. Өвчлөлийн тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа. Өнгөрөгч өдөр гэхэд л 115 тохиолдол шинээр бүртгэгдсэн” гэж ярилаа.
ДАРХАН-УУЛ: Иргэдийн 61 хувь нь хөл хорихыг эсэргүүцжээ
Дархан-Уул аймгийн хувьд цаг тухай бүрт Шуурхай хуралдаан зохион байгуулж, зохих шийдвэрүүдийг гаргаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт аймгийн Онцгой комиссоос ард иргэдийнхээ дунд хөл хорих эсэх асуудлаар онлайн асуулга авч эхэлсэн юм. Тус асуулга нь “Энэ нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хоёрдугаар сарын 10-ны өдрүүд буюу коронавируст халдварын оргил үед хөл хорьж, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах уу” гэх утгатай байсан бөгөөд тэрхүү асуулгын үр дүн гарчээ. Санал асуулгад оролцсон 3100 иргэний 39.9 хувь нь хөл хорихыг дэмжсэн бол 61 хувь нь татгалзсан хариу өгчээ. Ийнхүү Дархан-Уул аймгийн хэмжээнд хөл хорих асуудлыг албан ёсоор түтгэлзүүлэхээр болсон байна. Гэхдээ аймгийн онцгой комисс “Хөдөлгөөн хязгаарлах нь УОК, мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөн шийдэх асуудал учир цаашид иргэдийн дундах санал асуулга, тандалтыг үргэлжлүүлж нөхцөл байдал хүндэрвэл шаардлагатай тохиолдолд тодорхой шийдвэрийг цаг тухайд нь гаргана” хэмээн мэдэгдсэн юм.
ДОРНОД: Сургуулийн эмч нарыг өрхийн эмнэлэг, дархлаажуулалтын цэгүүдэд ажиллуулна
Дорнод аймгийн удирдлагууд Улсын Онцгой комиссын зөвлөмжийн дагуу буюу Цагаан сарын баяраар коронавируст халдварын тархалтын оргил үе гэж тооцоолсон учир урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд бүх төсвийн болон төр, орон нутгийн өмчит байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдыг хамт олны золголт хийхийг хориглож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, ажилтнуудад зөвлөн, төрийн бус байгууллага, холбоодод уриалга хүргүүлсэн байна. Түүнчлэн коронавируст халдварын ид дэгдэлтийн онцгой нөхцөлд эрүүл мэндийн салбар ачаалалтай ажиллаж байгаа учраас Ерөнхий боловсролын сургуулийн эмч нарыг өрхийн эмнэлэг болоод дархлаажуулалтын цэгүүдэд өөрсдийнх нь хүсэлтээр ажиллуулах шийдвэр гаргажээ.
ДОРНОГОВЬ: Замын-Үүд суманд ирэх иргэд заавал зөвшөөрөл авах ёстой
Дорноговь аймгийн Онцгой комиссоос нэгдүгээр сарын 15-ны өдрийн 06.00 цагаас хойш тодорхойгүй хугацаагаар олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон. Түүнчлэн сар шинийн өдрүүдэд болдог үсэргээ, сунгаа, уралдааныг зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга, уяачдын холбоодод анхааруулсан юм.
Дорноговь аймгийн хувьд хилийн онцгой бүс гэдэг утгаараа хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Түүнтэй холбогдуулан Замын-Үүд суманд “тусгай горим”-оор арга хэмжээ аван ажиллаж байна. Тусгай горим гэдэг нь хорио цээрийн дэглэм биш бөгөөд иргэдийн дунд хөл хорьсон мэтээр ташаа мэдээлэл түгж байгаа гэж ажлын хэсгийнхэн ярилаа. Тодруулбал, Замын-Үүд сумаас бусад сумд руу явахад ямар нэгэн шинжилгээ зөвшөөрөл авахгүй, харин Улаанбаатар хот болон бусад орон нутгаас Замын-Үүд суманд ирж буй иргэд smart.dornogovi.govi.mn хаягнаас хүсэлт авах шаардлагатай. Ингэхийн тулд тухайн иргэний үнэмлэх, 3-р тун хийлгэсэн гэх гэрчилгээ, PCR шинжилгээ өгөх юм. Түүний дараа смартаар зөвшөөрөл олгох ажээ. Энэ бол Замын-Үүд рүү орж ирж буй иргэдийг зөвхөн хянах зорилготой гэдгийг онцгой комиссоос мэдэгдсэн юм.
Дашрамд өгүүлэхэд, сүүлийн өдрүүдэд Дорноговь аймагт коронавируст халдварын гаднаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдол нэмэгдэж байгаа гэнэ.
ДУНДГОВЬ: Нийтийг хамарсан золголт зохион байгуулахгүй
Дундговь аймгийн хувьд нэгдүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал олон нийтийг хамарсан бүх төрлийн уралдаан, тэмцээн, урлаг соёл, хурим найр, хүлээн авалтын арга хэмжээг хориглосон. Түүнчлэн "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан нийтийг хамарсан золголтын арга хэмжээг хориглож, хурал цуглаан, сургалт семинарыг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр, коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 3, 4-р тунгийн хамрагдалт, шинжилгээний хариуг харгалзан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулахыг үүрэг болгосон.
Энэхүү захирамжийн хүрээнд аймгийн хэмжээнд сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, халдвараас урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэддээ уриалжээ.
ЗАВХАН: Нэг дор 20-оос их хүн цуглахыг хориглов
Завхан аймгийн хэмжээнд он гарснаас хойш коронавируст халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссоос нэгдүгээр сарын 13-нд хуралдаж зарим арга хэмжээг авсан. Түүнчлэн тэрхүү хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, “Улбар шар” түвшинд ажиллаж байгаа юм. Тэгвэл өнгөрөгч 20-ны өдөр дахин хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан байна.
Улбар шар түвшинд шилжсэнтэй холбоотойгоор сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх, бүх шатны цэцэрлэгийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл цахим хэлбэрт шилжүүлэх, 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхийг цахимаар ажиллуулах нөхцөл боломжоор хангах зэрэг асуудлыг шийдэж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Удахгүй болох сар шинийн өдөртэй холбоотойгоор нэг дор 20-оос олон хүн цуглахгүй, айлд зочлохгүй, зочин урихгүй амны хаалтаа сайн зүүж, хүн хоорондын зайгаа барин тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан байна.
ОРХОН: Аймгаас аймаг руу, хотоос хөдөө рүү чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлахгүй
Сүүлийн өдрүүдэд Орхон аймагт хөл хорино гэх яриа олон нийтийн дунд тархаад буй. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатар нэгдүгээр сарын 18-ны өдөр иргэддээ мэдээлэл өгсөн. Тэрбээр “Аймгийн хэмжээнд хөл хорио тогтооно гэх ташаа мэдээлэл явж байна гэдгийг албан ёсоор мэдэгдэе. Түүнээс гадна улс даяар Омикрон хувилбарын давалгаатай нүүр тулаад байна. Тиймээс аймгийн нийт эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэх, орны хүрэлцээг нэмэглүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Сар шинэтэй холбоотойгоор хориглосон шийдвэр гаргаагүй, харин иргэддээ эрүүл ахуй талдаа онцгой анхаараарай гэх анхааруулга өгсөн. Нийтийн худалдаа, үйлчилгээ, бусад үйлчилгээний байгууллагуудын хувьд цагийн хуваарийн хязгаарлалт хийх, үйл ажиллагааг нь хориглох шийдвэр гаргаагүй. Цаашдаа сар шинийн өдрүүдтэй холбоотой арга хэмжээг мэргэжилтнүүдийн дүгнэлт дээр тулгуурлан авч хэрэгжүүлнэ. Юу юугүй аймаг дунд, хот хооронд хорих хязгаарлах шийдвэр гаргахгүй гэж ярилцаж байна. Дээд шатнаас ч тийм шийдвэр гаргаагүй” гэж ярьсан юм.
ӨВӨРХАНГАЙ: Цагаан сарын нэгдсэн золголт хийхийг хориглов
Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, сар шинийн баяртай төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, аж ахуйн нэгжүүдийг цагаан сарын нэгдсэн золголт хийхийг хориглосон шийдвэр гаргажээ. Түүнчлэн олон нийтийг хамарсан тэмцээн, уралдаан, хурал цуглааныг танхимаар зохион байгуулахыг хоёрдугаар сарын 20-ныг хүртэл хязгаарлалаа.
Мөн нийт иргэдэд хандан сар шинийн золголтыг уламжлалт ёс заншлаа хүндэтгэн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан байна.
ӨМНӨГОВЬ: 0-11 насны хүүхдүүдийг олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний газруудаар авч явахыг хориглов
Өмнөговь аймгийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 20-нд хуралдаж, сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, баярын үеэр айл хэсэлгүй, гэртээ зочин урихгүй байхыг уриалсан байна. Мөн олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, спортын тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахыг хориглов.
Хүүхдүүдийн өвчлөлийн 60 гаруй хувийг дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүд эзэлж байна. Иймд бүх төрлийн секц, дугуйланг халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэх, заалыг 50 хувийн дүүргэлттэй ажиллаж байгаа эсэх дээр хяналт тавих ажлыг зохион байгуулахаар боллоо.
Бага насны хүүхдүүдийн дунд томуу болон ковидын халдварын тохиолдол их гарч байгаагаас үүдэн 0-11 насны хүүхдүүдийг олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний газруудаар авч явахыг мөн хориглосон юм.
СҮХБААТАР: Уул, овоонд сүсэглэхээр ирэхдээ хог тарихгүй байхыг уриалав
Сүхбаатар аймгийн онцгой комисс нэгдүгээр сарын 18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл аймгийн хэмжээнд төрийн байгууллага, хуулийн этгээдийг бүх төрлийн баяр ёслол, сар шинийн битүүлэг, нэгдсэн золголт, тэмдэглэлт ой, олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.
Гэхдээ төрийн албаны тасралтгүй байдлыг ханган, албан хаагчдын 50 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэн, хүний нөөцийн хомстолд орохоос урьдчилан сэргийлж ажиллахыг мэргэжлийн чиг үүрэг бүхий төрийн байгууллагаас бусад байгууллагын дарга эрхлэгч нарт үүрэг болгосон билээ.
Сар шинийн өдрүүдэд Сүхбаатар аймгийг зорих хот хоорондын хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотойгоор зам хаах эсэх талаар тодруулахад “Баярын өдрүүдэд манай орон нутагт ирж уул овоо тахих, сүсэглэж мөргөх иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Бид одоогоор хөл хорихгүйгээр анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэж байна. Цаашдаа ч хөл хорихгүй байх асуудлыг ярьж байгаа. Хамгийн гол нь иргэд уул овоо тахихаар ирэхдээ аюулгүй байдлаа хангахын зэрэгцээ хог хаягдлаа өөрсдөө авч, цэвэрхэн байхыг анхааруулж байгаа” гэлээ.
СЭЛЭНГЭ: Зарим сумдад ковидын эмчилгээний тасаг байгуулав
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын хуралдаанаар нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн “Улбар шар” түвшинд шилжиж, арга хэмжээ авахаар болсон. Үүнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд “Цагаан сарын баяр”-ыг зөвхөн гэр бүлдээ тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж, төр төсвийн байгууллагууд болон олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахыг хязгаарлалаа.
Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт 150 орны таазанд тогтоох дусал тарианы тогтоогч, тарианы тэргэнцэрүүд авахад зориулсан хөрөнгийг шийдвэрлэхийн сацуу коронавирусын батлагдсан тохиолдлын насанд хүрэгчид болон хүүхдийн амбулаторийг шинээр нээн ажилуулахаар болсон байна.
Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан Баянгол, Цагааннуур, Хушаат, Ерөө, Шаамар сум дахь Эрүүл мэндийн төвд Ковидын эмчилгээний тасаг байгуулахаар тус тус шийдвэрлэжээ.
“Сар шинийн баяртай холбоотой ямар нэгэн хязгаарлалт хийхгүй” гэдгийг аймгийн Онцгой комисс мэдэгдсэн юм.
ТӨВ: Хоёрдугаар сарын 22-ныг хүртэл олон нийтийн арга хэмжээг хязгаарлав
Төв аймгийн Засаг дарга нэгдүгээр сарын 26-нд А/27 дугаар захирамж гаргажээ. Тус захирамжинд Коронавируст халдварын тархалтын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, айлд очихгүй, гэртээ зочин урихгүй, вакцины нэмэлт тунд хамрагдаж гарч буй “усан бар” жилээ эрүүл энх, өвчингүй угтахыг иргэддээ уриалсан байна.
Харин хоёрдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээг бүрэн хязгаарлах шийдвэр гарчээ. Түүнчлэн сар шинийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр томилон үүрэгжүүлж ажиллахыг аймгийн Шуурхай штабд даалгажээ.
Сар шинийн өдрүүдэд коронавируст халдварын оргил үе тохиож буй учир PCR авах шинжилгээний цэгүүдийн ачааллыг бодолцож, эмч эмнэлгийн ажилчдын цагийн хуваарийг нарийвчлан тогтоож, ажиллахыг мөн үүрэг болгосон байна.
УВС: Шинийн 10-ныг хүртэл хязгаарлалтын арга хэмжээ авна
Увс аймгийн Засаг дарга коронавируст халдвар “КОВИД-19”-ын цар тахлын дөрөвдүгээр давалгаа эхэлж, Омикрон хувилбар дотоодод бүртгэгдэж, халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны нэгүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалтын болон зохион байгуулалтын зарим арга хэмжээг авахаар болсон.
Тодруулбал, хүнс, барааны зах, дэлгүүр, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10:00 цагаас 18:00 цаг хүртэл, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08:00 цагаас орой 22:00 цаг хүртэл ажиллах цагийн хязгаарлалт хийх, Уламжлалт сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд тэмдэглэх, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллага, нутгийн зөвлөл, хамт олны золголтыг зохион байгуулахгүй байхыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус үүрэг болгожээ.
ХОВД: Хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл PCR шинжилгээг үнэгүй авна
Коронавируст халдварын оргил үе, сар шинийн баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх, шүлхий өвчний нөхцөлд байдалд арга хэмжээ авах зэрэг асуудлаар Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, сар шинийн амралтын өдрүүдтэй холбоотойгоор байгууллага бүрт хариуцлагатай жижүүр гарч ажиллуулах, нэг цэгийн шинжилгээ авах үйлчилгээ ачаалал их байгаатай холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтан, тандалт судалгааны ажил хийх алба хаагчдын тоог нэмэгдүүлж байгаа бөгөөд цагийн хуваарийг 09.00-14.00 цаг хүртэл байхаар тогтоолоо. Түүнчлэн хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эм ханган нийлүүлэх байгууллагуудад 20 хоногийн нөөц бий болгох үүрэг чиглэл өгсөн байна.
Аймгийн онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадрал “Коронавирусний Омикрон хувилбар иргэдийн дунд өргөн тархалттай байгаа учраас хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл иргэдээс төлбөргүй PCR шинжилгээ авна. Ямартай ч хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл төлбөрийн асуудал яригдахгүй. Гадаад талбайн худалдаа үйлчилгээний асуудлыг хориглохгүй. Хамгийн гол нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй” гэж ярилаа.
ХӨВСГӨЛ: Хөл хорих шийдвэр гаргахгүй байх чиглэл баримталж байна
Хөвсгөл аймгийн тухайд Омикрон хувилбартай холбоотойгоор сар шинйин баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг Аймгийн Засаг дарга ард иргэддээ хүргүүлээд байгаа. Түүнчлэн бусад аймгийн адилаар бүх шатны төрийн болоод төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн зөвлөлүүдийг хамт олны золголт хийхгүй байхыг үүрэг болгосон. Олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулж байгаа юм.
Сар шинийн өдөртэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга М.Хуягбаатартай холбогдож, тодруулахад “Хөвсгөл аймагт хөдөлгөөн хорих ямар ч шийдвэр гараагүй. Цаашид ч гаргана гэж төлөвлөсөн зүйл алга. Аймгийн Засаг даргын нэгдүгээр сарын 14-нд гарсан захирамжаар, аливаа уралдаан, тэмцээн, хурал зөвлөгөөнийг зохион байгуулахдаа заал, танхимын дүүргэлтийг 50 хувьд барихыг сануулсан. Мөн төрийн болон төрийн бус байгууллага цагаан сарыг албан ёсоор тэмдэглэхгүй, харин ард иргэд гэр бүлийн хүрээнд, халдвар хамгааллын дэглэмээ баримталж тэмдэглэхийг уриалсан. Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд “Мөсний баяр” зохион байгуулахаар комисс томилогдон ажиллаж байна. Магадгүй тухайн үед мөсний зузаан хүрэлцэхгүй, хар хил аюулын түвшинд хүрсэн байх юм бол заавал “Мөсний баяр”-ыг хийнэ гэж зүтгэхгүй. Хоёрдугаар сарын 15-наас хойш мөсний зузааныг хэмжиж үзээд, тодорхой шийдвэрийг гаргах байх” гэж ярилаа.
ХЭНТИЙ: Олон нийтийг хамарсан арга хэмжээг бүрэн хориглов
Хэнтий аймгийн Онцгой Комисс нэгдүгээр сарын 18-ны өдөр XVII жарны Усан барс жилийн Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийн нийт иргэдэд уриаллаа. Сар шинийн баярыг тохиолдуулан нийтийг хамарсан бүх төрлийн золголтын арга хэмжээг хориглосон юм.
Түүнчлэн “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тохиолдол тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, тэмцэх, хариу арга хэмжээ авах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын арга хэмжээг хориглох шийдвэр гаргалаа.
Харин шашин, сүм хийдийн үйл ажиллагаа, хурал, зөвлөгөөн, сургалтыг цахим болон танхимын 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж, дархлаа сэргээх нэмэлт 3 дугаар тунд хамрагдсан байх шаардлагыг тавьсан юм.
Мөн коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх сурталчилгааг иргэдэд насны онцлогт тохируулан төрөл бүрийн хэлбэр (ТВ, Facеbook, Tik tok, Тwitter, Youtube, Instagram, Viber)-ээр бэлтгэн хүргэн ажиллахыг холбогдох албаныхан үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 0 )