ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

Өнөөдөр 2022.01.28. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 08 цаг 25 минутад мандлаа, 17 цаг 45 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -24 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Мэдээллийн нууцлалын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Арменид Армийн өдөр юм.

Энэ өдөр Их Британийн «Soft Machine» хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Роберт Уайатт, Мексикийн жүжигчин Хайме Гарса, Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози, Америкийн кино найруулагч, “Ногоон бүс”, “Шоушенкаас оргосон нь” зэрэг киногоороо алдартай Фрэнк Дарабонт, Канадын дуучин, “Грэмми”-гийн шагналт Сара Маклахлан, Америкийн дуучин, жүжигчин «Backstreet Boys»-ын гишүүн Ник Картер, жүжигчин Элайжа Вуд, Франц, Германы уран гулгагч, олимпын аварга Бруно Массо зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1967 оны энэ өдөр БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны өмнө Хятадын улаан хамгаалагчид эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан явдалд БНМАУ-ын ГЯЯ-наас БНХАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн байна.

1986 оны энэ өдөр хил орчмын районд суугаа БНМАУ, ЗСБНХУ-ын иргэд хилийг нэвтрэх хялбарчилсан журмын тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагджээ.

2015 оны энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын гурван сая дахь иргэнд Монголжин нэр хайрлажээ. Мөн Засгийн газрын тогтоолын дагуу гурван сая дахь иргэнийг хоёр өрөө байр буюу тэнцэх хэмжээний урамшуулал, тэтгэмжээр мялааж, түүнтэй цаг, минут, секундын хувьд хамгийн ойр төрсөн 29 хүүхдийг тодруулж, тусгай тэтгэмж, урамшуулал олгов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1906 оны энэ өдөр Санкт-Петербургт Оросын анхны эмэгтэйчүүдийн техникийн дээд сургууль болох Эмэгтэйчүүдийн политехникийн курс нээгджээ.

1918 оны энэ өдөр Эстони, Латви улсууд Оросоос тусгаар улс болж буйгаа зарлав.

1930 оны энэ өдөр Испанийн дарангуйлагч Мигель Примо де Ривера огцорчээ.

1945 оны энэ өдөр Зөвлөлтийн дайчид Мемелийг эзэлсэн байна.

1985 оны энэ өдөр цөмийн дайны эсрэг Делигийн тунхагийг гаргажээ.

Энэ өдөр үс засуулвал жаргал үргэлжид ирнэ.

Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Харин ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top