Өрнөдийн орнууд Москва Донецк, Луганскийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсний хариуд хориг арга хэмжээ авлаа. АНУ, Их Британи, Европын Холбооноос авч буй эхний хориг арга хэмжээнд Оросын санхүүгийн байгууллага, компани, хувь хүмүүс өртжээ.
Украин дахь хямрал гүнзгийрсэн тохиолдолд Их Британи, АНУ, ЕХ цуврал хориг арга хэмжээгээ чангатгах хувилбарыг мөн авч үзэж байна.
АНУ ОХУ-ын санхүүгийн салбарыг онилов
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын томоохон хоёр санхүүгийн байгууллага болох Гадаад эдийн засаг, аж үйлдвэрийн банк болон цэргийн банкны эсрэг бүрэн хориг арга хэмжээ авч байна гэж мэдэгджээ. Тэрбээр цэргийн банк гэж аль байгууллагыг хэлж байгаагаа тодруулаагүй байна. Түүний хэлснээр, хориг арга хэмжээнд Оросын засгийн газрын өр багтаажээ. Ингэснээр Оросын Засгийн газар өрнөдийн санхүүжилт авах боломжгүй болж байна.
Эл хориг арга хэмжээ нь АНУ-д ч цохилт өгөхийг хүлээн зөвшөөрч, АНУ-ын эдийн засгийг хамгаалах арга хэмжээ авна гэж Байден амлажээ.
Үүнээс гадна, АНУ Эстон, Латви, Литв зэрэг Балтын улс орнууд руу нэмэлт хүч илгээх шийдвэр гаргажээ.
ЕХ-ны хориг арга хэмжээ
Европын Холбоо Донбассын тусгаар тогтнолын төлөө санал өгсөн ОХУ-ын Төрийн думын 351 гишүүнийг багц хориг арга хэмжээнд оруулжээ. Түүнчлэн, ОХУ-ын банк зэрэг 27 аж ахуйн нэгж, хувь хүнийг хар жагсаалтад оруулсан байна. Түүнчлэн, ЕХ компаниудад Донецк, Луганскт бизнес хийхийг хоригложээ.
ЕХ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хар жагсаалтад оруулаагүй ба Минскт хандан Оросын үйл ажиллагааг дэмждэг албаны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгээ анхааруулжээ.
Лондонгийн хариу үйлдэл
Их Британийн хар жагсаалтад Оросын таван банк, гурван хувь хүн багтжээ. Их Британи дахь тэдний активыг царцааж, тус улсын хилээр нэвтрэхийг хориглож, Британийн компаниудад хар жагсаалтад орсон аж ахуйн нэгж, хувь хүнтэй бизнес хийхийг хориглоно гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. Тэрбээр энэ нь зөвхөн эхний алхам бөгөөд Украин дахь нөхцөл байдал улам хурцадсан тохиолдолд нэмэлт хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулсан байна.
Хориг арга хэмжээнд Оросын өгөх хариу
ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа өрнөдийн орнуудын Оросын эсрэг авч буй хориг арга хэмжээ нь хууль бус гэж мэдэгдэв. Оросын хөгжлийг сааруулах нь өрнөдийн орнуудын эрх баригчдын цорын ганц хэрэгсэл гэдгийг Москва хэдийн ойлгосон. Өрнөд дэх Оросын нэр хүндийн талаарх асуултад хариулахдаа Захарова өрнөдийн улс орнуудын нэр хүнд цусаар будагдсан гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )