Европын Холбоо Брюссельд шуурхай дээд хэмжээний уулзалт хийж, ОХУ-ын эсрэг тавих хориг арга хэмжээний хоёр дахь багцыг баталжээ.
Хориг арга хэмжээ Оросын санхүү, эрчим хүч, тээврийн салбар болон экспортын санхүүжилт, хяналт, визийн бодлогыг хамарч байна. Уулзалтын үеэр ЕХ-ны удирдагчид хориг арга хэмжээний гурав дахь багцыг хэлэлцжээ. Энэ хүрээнд Оросыг олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс хасах, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хар жагсаалтад оруулах боломжийг авч үзжээ.
Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйены мэдээлснээр, эдгээр хязгаарлалтууд ОХУ-ын санхүүгийн салбарын эсрэг чиглэж байна. Ингэснээр Оросын улсын үйлдвэрийн газрууд ЕХ-той санхүүгийн гүйлгээ хийх боломжгүй болж байна. Түүнчлэн Оросын элитүүд Европын банкнуудад 100 мянган еврогоос дээш хэмжээний мөнгийг байршуулах боломжгүй болж байна. Хоёр дахь Оросын банкны үйлчилгээний зах зээлийн 70 хувийг онилсон гэж фон дер Ляйен тодруулжээ.
Үүнээс гадна ЕХ хагас дамжуулагчийн зах зээл рүү нэвтрэх гарцыг хязгаарлажээ. Ингэснээр Орос улс хагас дамжуулагчийн дэвшилтэт технологи зэрэг ирээдүйг бүтээхэд шаардлагатай чухал технологид хүрэх гарцыг хязгаарлаж байна гэж ЕК-ын тэргүүн мэдэгджээ.
Эрчим хүчний салбарыг хамарсан хоригийн хувьд ЕХ газрын тос боловсруулахад шаардлагатай Европын онцгой технологийн экспортыг хориглож байна. Ингэснээр Орос улс 2019 онд 24 тэрбум еврогийн ашиг авчирж байсан газрын тос боловсруулах үйлдвэрүүдээ шинэчлэх боломжгүй болно.
Оросын дипломатууд, бизнесменүүдийн Европт давуу эрхээр нэвтрэх боломжийг хааснаас гадна агаарын хөлөг онгоцны экспорт, худалдаа, нийлүүлэлт, техникийн үйлчилгээнд хязгаарлалт тавьжээ.
ЕХ мөн ОХУ-д хандан Украинаас ямар нэгэн урьдчилсан болзолгүйгээр цэргээ гаргаж, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, хүмүүнлэгийн хэм хэмжээг сахихыг уриалжээ.
Түүнчлэн, ЕХ дэлхийн бүх улсад хандан Донецк, Луганскийн бүгд найрамдах ард улсуудыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалсан байна.
ЕХ-ны удирдагчид Украинд улс төр, ложистик, хүмүүнлэг болон санхүүгийн тусламж үзүүлэхээ амлаж, энэ хүрээнд олон улсын доноруудын бага хурлыг зохион байгуулахаар болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
yg unendee bol ukrainiig evroiin holboo...nato...amerik zugeer l gald tahil urgujiinuduu.... orosiin esreg orosuud n yaj uhehiig l harjiinashuu...ug n tend humuunii heseg bgaashuu...dainiig zogsooh huchin bhgui ymuu....saihan humuusiig aldah n delhiin gamshigshdee...uvchnuur bol yay gehev....haramsajiina...