Орос, Украины хэлэлцээний гуравдугаар үе өнөөдөр болно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

Орос, Украины хэлэлцээний гурав дахь үе шат Польш, Беларусийн хил дээр өнөөдөр болно.

Украины эрх баригч “Ард түмний зарц” намын бүлгийн дарга Давид Арахимиягийн мэдээлснээр, хэлэлцээний ээлжит үе шат даваа гарагт орон нутгийн цагаар 15.00 /УБ цагаар 20.00/ Беловежская пуща гэдэг газарт эхлэх төлөвтэй байна.

Өмнөх хэлэлцээгээр талуудын тохиролцсон гол асуудал нь энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор байгуулах асуудал юм. Оросын төлөөлөгчдийн тэргүүн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский эл тохиролцоог дэвшил хэмээн тодорхойлсон. Оросын тал хоёр хоногийн дараа гал зогсоож, Мариуполь, Волноваха хотын оршин суугчдад зориулж хүмүүнлэгийн коридор нээсэн тухай мэдэгдсэн билээ. Тус хоёр хотоос нийт 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна.

Талууд тохиролцоонд хүрсэн ч энгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл явц  хүндрэлтэй байна гэж Оросын тал мэдэгджээ. Учир нь Украины хэт үндсэрхэг үзэлтнүүд суурин газруудаас энгийн болон гаднын иргэдийг гаргахгүй байгаа аж. Донецкийн ардын цагдаагийн мэдээлснээр, “Азов” бүлэглэлийнхэн Мариуполь хотоос хүмүүнлэгийн коридор гарч явсан иргэдийн цуваа руу гал нээсний улмаас хоёр хүн амиа алдаж, дөрвөн иргэн шархаджээ.

Энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгарч буй хүндрэлүүд энэ удаагийн яриа хэлэлцээний нэг сэдэв байх гэнэ. Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх Михаил Подолякийн мэдээлснээр, Киев хүмүүнлэгийн коридор хэрхэн ажиллаж буйг ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд хэлэлцээний үеэр залруулга хийх боломжтой.

Харин улс төрийн зарчмын асуудлын хувьд Арахимия талуудын тохиролцоонд хүрэх боломжгүй асуудал нь Крым болон Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрөх асуудал болж байна гэж онцолжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.80.28) 2022 оны 03 сарын 07

Хэлэлцээл хэрэггүй. Украиныг нацистууд, гадны хорлон сүйтгэгчид, хар тамхины бүлэглэлээс бүрэн чөлөөлөх хэрэгтэй.

2  |  0
Top