Д.Сүнжид: Халдашгүй байдлын эрх цахим орчинд хамгийн их зөрчигддөг

2022 оны 03 сарын 08

Ардчилсан улс орон бүр хүний эрхийг нэн тэргүүнд тавьдаг. Төр ч үүний дээр орших боломжгүй. Харамсалтай нь нийгэмд хүний эрхийн зөрчлүүд нэмэгдсээр байна. Үүнд, жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрхүүд төрөл бүрийн сувгаар зөрчигдөж байгаа юм. Үг, хэл, үйлдэл, бие махбодоороо хохирсоор байна. Сүүлийн жилүүдэд цар тахлаас улбаалан цахим орчноос үүсэлтэй хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил ч гаарсаар. Энэ мэт асуудалтай холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.


-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохиох гэж байна. Олон улсад энэ өдрийг яагаад тэмдэглэн өнгөрөөх болсон бэ?

-Хүн төрөлхтөн анхнаасаа нийгэмд эрх тэгш амьдраагүй. Эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал байсан.

Эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрх эдэлдэггүй, төрийн эрх бүхий байгууллага болон хөдөлмөрлөх эрхийн нөхцөл харьцангүй өөр байлаа. 1911 онд эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдөр тэмдэглэж эхэлсэн байдаг. Анх хөдөлмөрийн эрхийн асуудал, хөдөлмөр хамгааллын асуудлаас эрхийн хамгааллын асуудлыг ярьж байсан бол дараа нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог ярих болсон. Энэ мэтээр сурч боловсрох, хөдөлмөрлөх, гэр бүл дэх тэнцвэрт байр суурь, эрүүл мэндийн тусдаа асуудал зэргээр  эрхийн асуудлыг хөнддөг.

 

-Эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал алдагдах гол шалтгаан нь юу вэ?

- Статистик ба судалгааг харвал Монгол Улсад нэгдүгээрт, эрх барих буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд төлөөлөх нь хангалттай биш байна. Хоёрдугаарт, жендэрт суурилсан хүчирхийлэл, дарамтыг бууруулахгүй бол хохирогчдын олонх хэсэг эмэгтэйчүүдээс бүрдэж байгаа юм. Эрэгтэй хүйсийн хүн жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч болох нь харьцангуй бага. Гуравдугаарт, эдийн засгийн хувьд дундаж цалингийн ялгаа эмэгтэйчүүдийн хувьд бага хэвээр байна. Ийм асуудлууд эмэгтэйчүүдийн өмнө тулгардаг. Эмэгтэй гэх нэршлээр нийтэд нь хамруулан яриад байгаа боловч нас насаар нь ангилбал эрх зөрчигдөх шалтгаанууд нь өөр өөр байдлаар илэрдэг.

-Гэр бүлийн эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг гэх судалгаа байна л даа. Энэ хэр үнэний ортой вэ?

- Цар тахлаас өмнөх үед ч гэр бүлийн хүчирхийлэл асуудал байсан. Хууль өөрчилж, бодлогын хүрээнд зохицуулалт, арга хэмжээ авч байгаа ч суурь шалтгаанаа нийгэм, эдийн засгийн байдалтай холбон тайлбарлах нь зөв байх. Ажилгүйдэл, архидалт гээд олон хүчин зүйл нөлөөлдөг гэдэг. Монгол Улсад статистик мэдээгээр гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Энэ ядуурал, ажилгүйдэл нь  хүний эрхийн олон  зөрчлийн суурь шалтгаан болдог байх юм. Тиймээс нийгэм, эдийн засгийн ерөнхий чадамжаа сайжруулах шаардлагатай. Хуулийн хэрэгжилт, тогтолцооны уялдаа холбоо үр дүнтэй байх хэрэгтэй бас Мэдээж бас  боловсрол, хандлага ч ярих л ёстой.

-Насны ангиллаар ангилбал өөр өөр байдлаар эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөг гэлээ. Охидын үзлэгт нийгэм хоёр хэсэг хуваагдсан хэвээр байгаа. Нэг хэсэг нь охидын эрх зөрчигдөж байна гэх бол нөгөө талаас зайлшгүй байх ёстой зүйл мэтээр ярьсаар байна. Охидын үзлэг нь хэр үр дүнтэй үйлдэл бэ. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Цар тахлын үед хөл хорио тогтоосноос үүдэж хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл эрс нэмэгдсэн. Хүүхэд гэр бүлийн хүрээнд хамгийн аюулгүй байх ёстой атал заримынх нь хувьд тийм байгаагүй байна. Үүний эсрэг юу хийж чадах вэ, нийгмийн ажилтан, багш, эмч, засаг дарга, цагдаа гэх мэт үүрэг хүлээгчдийн хувьд  ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, уялдаа холбоотой ажиллах хэрэгцээ байна. Хүүхдийг хүчирхийлэлд өртсөн эсэхийг мэдэхийн тулд охидын үзлэг хэрэгтэй хэмээн ярьдаг.

Гэвч охидыг албадан байдлаар үзлэгт оруулах нь хүчирхийллийн эсрэг авч буй арга хэмжээ гэж ойлгох нь өрөөсгөл ойлголт. Яагаад гэвэл охидын үзлэг цаг ямагт оновчтой гарц, шийдэл байгаагүй. Учир нь хүчирхийлэлд өртсөн, хохирсон тохиолдолд дээрх субъектуудад өөрөө ханддаг. Эсвэл гэр бүл, найз нөхөд нь мэдээлэгч болдог. Үзлэгээр ийм төрлийн хэргийг илрүүлсэн тохиолдол маш бага хувийг эзэлдэг юм билээ. Ихэнхдээ хохирогч өөрөө, найз нөхөд болон гэр бүлийн мэдээллээр илэрдэг гэсэн үг. Тиймээс хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл олгох, хариу арга хэмжээ төлөвлөх, нөхөн үржихүйн боловсрол олгох, үүрэг хүлээгчтэй хамт ажиллах, урьдчилан сэргийлэх,  зөрчигдсөн тохиолдолд эрхийг нь хамгаалах нь зайлшгүй  байгаа юм.

-Сүүлийн үед охидын дундах жирэмслэлт нэмэгдсэн. Улмаар өрх толгойлсон ээжүүд нэмэгдэх болсон нэг шалтгаан болж байна. Охидын хувьд тулгамдах энэхүү асуудлын суурь шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Анхан шатны үүрэг хүлээгчдийн үүргээ биелүүлж буй байдал чухал. Нэгдүгээрт, хамгийн анхдагч үүрэг хүлээгч нь эцэг эх, асран хамгаалагч юм. Тэр хүрээнд үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, багш, эмч, нийгмийн ажилтнууд. Тэд охидын итгэлийг хүлээсэн байх шаардлагатай болж байгаа юм. Жирэмсэн болсноо хэлэхгүй, нууж, гэмт хэрэгт өртсөн ч яагаад хэлэхгүй байна вэ гэдэг нь итгэхгүй байгаатай холбоотой гэдэг юм билээ. 

Өсвөр насны жирэмслэлт бол хараа хяналт, боловсролын асуудалтай шууд холбоотой. Нөхөн үржихүйн мэдлэг бол боловсролоос олж авах зүйл. Нөхөн үржихүйн боловсролын хөтөлбөр нь сайн гэж үнэлэгддэг боловч заах багш нарын дийлэнх хэсэг нь мэргэжлийн биш хүмүүс байдаг юм билээ. Мөн амьдралын нөхцөл байдлаас үүдээд, малчин айлын хүүхдүүд сумын төв дээр эцэг эхийн хараа хяналтгүй байх эсвэл хөдөө аргагүйн эрхэнд гэрээ сахиж ганцаар үлдэх гэх мэт асуудал ч хүүхдийн эрх зөрчигдөхөд тодорхой хэмжээний нөлөөтэй.

Тэдгээр хүүхдүүд хэний хараа хяналтад байх вэ гэдэг зүйл яригдаж байна. Асуудал үүсвэл хаашаа хэнд хандах, яаж зохицуулах, үр дагавар нь юу вэ, хэн хамгаалах вэ гэх мэт мэдлэг мэдээллийг бүх нийтэд олгох ёстой. Хэрэв гэр бүл болох асран хамгаалагчид нь хүүхдийг хамгаалахгүй бол дараагийн шатны үүрэг хүлээгчид нь хамгаалдаг байх шаардлагатай юм.

-Монголчууд ер нь ичимхий төрлийн хүмүүс. Тийм ч учраас хүүхдийн бэлгийн хөгжил эхэлсэн үед нөхөн үржихүйн талаар ярилцаж чаддаггүй байдал ч дээрх асуудалд нөлөөлсөн байж болох уу?

-Эцэг эхийн амьдралын туршлага, боловсролоос хамаарна. Ерөнхийдөө эцэг эхчүүдэд ажиглагддаг нийтлэг зөрчил бол хүүхдээ сургуульд даатгадаг байж мэдэх юм. Эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн бүгдийн оролцоо бас уялдаа холбоо чухал. “Нэг хүүхдийг бүхэл тосгоноороо өсгөдөг” гэдэг зүйр үг байдаг шиг л.

Үүнд бас нэгэн зүйлийг ярих хэрэгтэй. Хүмүүсийн ямар үед амьдарснаас, сурснаас шалтгаалан хүний эрхийн мэдрэмж ондоо байдаг талаарх судалгаа бий. Өсвөр үеийнхний хувьд хүний эрхийн мэдрэмж илүү төрөлхийн байна гэж Стратеги академийн судалгаанд дурдсан байсан. Хэрвээ багш, эцэг эхчүүд хүниий эрхийн талаарх мэдлэг, мэдээлэл, хандлага үлгэрлэж, өгч чадвал хүлээж авах хөрс нь хангалттай бэлэн байна гэсэн үг.

-Манай улсад өнөөдрийн байдлаар жендэрийн эрх тэгш байдал ямар түвшинд байгаа вэ?

-Олон улсын хэмжээний судалгаагаар 153 орны жендэрийн эрх тэгш байдлын индекст манай улс 69 дүгээр байранд эрэмбэлэгдсэн. Энэхүү индексийг дөрвөн үзүүлэлтээр гаргасан байдаг. Манай улс уг судалгаанд эрүүл мэндийн болон амьдрах чадварын индексээр 153 орноос 39 орны хамт нэгдүгээр байранд эрэмбэлэгдсэн юм. Эдийн засгийн оролцоон дахь жендэрийн ялгаатай байдлын индексээр 23 дугаар байранд жагссан.

Боловсролын амжилтын жендэрийн ялгаатай байдлын индексээр 153 орноос 73 дугаар байранд буюу дундаж үзүүлэлттэйгээр жагссан. Харин улс төрийн эрх мэдэлжүүлэлтийн индексээр манай улс хамгийн муу үзүүлэлт гаргасан байдаг. Нийт 153 орноос 116 дугаар байранд эрэмбэлэгдсэн юм. Бүс нутгийн хэмжээний үзүүлэлтээр жендерт суурилсан хүчирхийлэл Монгол Улсын хувьд их байдгийг харж болно.

-Жендэрийн эрх тэгш байдал манай улсын хүүхдүүдийн дунд ямар түвшинд байгаа вэ?

-Боловсрол, шинжлэх ухааны сайд, НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар манай улсын өсвөр насны 11-16 насны хүүхдүүдийн 40 хувь нь өөрсдийгөө дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд өртдөг хэмээн хэлсэн байна. Охид сэтгэл санааны дарамтад өртдөг бол хөвгүүд бие махбодын хүчирхийлэлд өртдөг хэмээн хариулсан. Мөн хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийн талаар дурдах хэрэгтэй. Хүүхдийн наснаас хамаарч насанд нь тохирсон хийж болох ажил гэж бий.

Насанд хүрээгүй хүүхдийг хориглосноос бусад ажлыг тодорхой хэмжээнд зөвшөөрдөг гэсэн үг. Гэтэл манай улсад хүүхдүүдээр тэвчишгүй хөдөлмөр буюу хийлгэж болохгүй ажлыг хийлгээд байна. Энэ талаар ч Олон улсын хамтын байгууллагын дэмжлэгтэй хийсэн Хүний эрхийн үндэсний комиссын хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаанд санаа зовоосон дүн гарсан. Бид үүнд анхаарах шаардлага тулгарсаар байна. Энэхүү хоёр асуудалд хүүхдийн эрэгтэй болон эмэгтэй байх эсэх нь хамааралгүй.

-Сүүлийн үед их дээд сургууль төгсөх, боловсрол эзэмших тал дээр охид гэхээс илүүтэй хөвгүүдийн эрх зөрчигдөж байх шиг ээ?

-Хөвгүүдийн хувьд тэдний боловсролыг анхаарах асуудал тулгарсаар байна. Хүүхдүүд сургуульд суралцаж эхлэх үед хүйсийн харьцаа 50, 50 хувьтай байдаг юм билээ. Гэтэл тэднийг төгсөх үед дээрх харьцаа ялгаатай болж эхэлдэг. Хөвгүүдийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн хувьд завсардах, хаях, төгсөхгүй байх гэх мэт асуудлууд үүсэж эхэлдэг байна. Энэ харьцаа их сургуульд илүү их нэмэгддэг. Их сургуульд суралцаж буй охидын харьцаа хөвгүүдийнхээс 10 хувиар их байдаг юм.

Эрэгтэйчүүдийн их сургууль төгсөх байдал нь бага гэсэн үг. Энэ тэнцвэргүй байдал нь нийгэмд гэр бүл төлөвлөлт, эдийн засаг, соёл, хөгжил гэх мэт бүхий л салбарт тусгалаа үлдээдэг. Аль ч хүйсийн хүмүүс ижил тэгш байдлаар сурч боловсрох хэрэгтэй. Хүний эрхийн үндэсний комиссоос Хөдөө амьдарч буй туслах малчдын судалгааг хийж байгаа. Энд туслах малчин залуус гэр бүл зохиоч чадахгүй байна. Үеийн эмэгтэйчүүд нь сурах, ажиллахаар аймгийн төв, хот руу явсан байх жишээтэй. Хүн ам зүйн бүтцэд тэнцвэр алдагдсан зүйл болж хувирч байна.

-Боловсрол эзэмших үе шат дууссаны дараа ажлын байранд орох үе шат байна. Гэтэл таны ярьсан боловсролын ялгаатай байдал ажлын байранд орох үед цалингийн зөрүүний ялгаатай байдал болон өөрчлөгдөж байна шүү дээ. Энэ юутай холбоотой вэ?

-Боловсрол эзэмшсэн ч ажлын байранд орох үед эрэгтэй хүйсийн хүмүүс эмэгтэйгээс өндөр цалин авах нь бий. Төрийн албан хаагчдын хувьд ижил цалин авдаг. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дэх дунджаас үзвэл эмэгтэйчүүдийн цалин бага байдаг юм. Эрэгтэй болон эмэгтэй хүйсийн хүмүүс хооронд цалингийн дунджийн зөрүү гарч байгаа. Энэ юутай холбоотой байна вэ гээд үзвэл нөхөн үржихүйн настай шууд холбогддог. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд карьерынхаа үед их завсарддаг. Жирэмсний чөлөө авах, хүүхдээ харах үедээ ихэвчлэн хувиараа ажил хийдэг юм. Тиймээс харьцангуй бага орлоготой байх нь бий. Эсвэл эмэгтэйчүүд завсардаад, үндсэн ажилдаа эргэж орох үедээ өндөр цалинтай ажлаа шууд үргэлжлүүлэх боломжгүй болох, бага цалинтай ажлаа үргэлжлүүлэх гэх мэт асуудалтай нүүр тулгардаг.

-Ажлын байрны дарамт, шахалт, хүчирхийлэлд эмэгтэй хүмүүс их өртдөг хэмээн ярьж байна л даа. Гэтэл төрлөөсөө хамаараад эрэгтэй хүмүүс ч дутахааргүй дарамт, хүчирхийлэлд өртдөг юм шиг ээ?

-Зөвхөн эмэгтэй хүмүүс ажлын байрны дарамт, хүчирхийлэлд ихээхэн өртдөг гэсэн тоо судалгаа бол байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар дарамт хүчирхийллийг бид бие махбод, сэтгэл санааных, бэлгийн болон бусад дарамт хэмээн ангилдаг. Тэгэхээр ажлын байрны дарамт, хүчирхийлэлд хүйс хамаарахгүйгээр адил өртсөн талаарх судалгаа 2021 оны тайланд бий. Эмэгтэйчүүд бэлгийн дарамтад илүүтэй өртдөг бол эрэгтэйчүүд бие махбодын хүчирхийлэлд өртөх нь түгээмэл байна. Мөн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ямар ч хүйсийн хүн ажлын байранд сэтгэл санааны дарамт, хүчирхийлэлд хамгийн их өртдөг болжээ. Харин улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй хүмүүс илүүтэй олны хараанд өртдөг байж болзошгүй.

-Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд түлхүү өртдөг гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юү?

-Боловсрол эзэмшсэн байдлыг харвал эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдийнхээс их. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд энэ байдал урвуугаар эргэдэг. Үүнд зохион байгуулалт, тогтолцооны хувьд ямарваа нэгэн дэмжлэг хэрэгтэй. Жишээлбэл, улс төрийн намын тухай хууль байна. Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүдийг нам дотроо дэмжих асуудлуудыг шийдэх шаардлагатай байгаа юм. Эмэгтэйчүүдийн улс төрд, шийдвэр гаргах түвшинд ажиллахаас татгалздаг үндсэн бэрхшээлүүд байдаг юм билээ. Нэгдүгээрт, мөнгөтэй холбоотой. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд очиход зарцуулах эдийн засгийн боломж бололцоо байхгүй талаараа байнга дурддаг.

Хоёрдугаарт, нийгмийн хүлээлт ба хандлага. Хэвлэл мэдээлэл, олон нийт эмэгтэй хүнийг нэр дэвших үед эсвэл өндөр албан тушаал эрхлэх үед хүйсээр нь гоочилдог явдлаа болих хэрэгтэй. Хүйсээр нь бус бодлого, гаргасан шийдвэрээр шүүмжлэх нь илүү зохистой, илүү үндэслэлтэй юм. Түүнээс биш өмссөн, зүүсэн, гадаад үзэмж байдал, нас хүйс, бие авч яваа байдал зэргээр нь тухайн хүнийг ялгаварлаад, гоочлоод байна шүү дээ. Нэр дэвшсэн эмэгтэй улстөрчдийн нийтлэг хэлдэг зүйл нь эрэгтэй улстөрчдөөс илүү их дарамт шахалт, ялгаварлан гадуурхалтыг мэдэрдэг явдал юм. Зөвхөн эмэгтэй улстөрч гэлтгүй урлаг соёл, бизнес эрхлэгч, нийгмийн нөлөө бүхий эмэгтэйчүүдэд маш их шалгуур тавьж, илүү их хүлээлт үүсгэдэг байна. Үүнээс харвал бид хандлагаа өөрчлөх шаардлагатай байна.

-Улс төрийн удирдах түвшинд алба хашдаг эмэгтэйчүүдээс ихэвчлэн халамж, хүүхэдтэй холбоотой асуудалд дуугарахыг олон нийт шаарддаг. Гэтэл энэ бол ямар ч хүйсийн хүмүүсийн ярих асуудал байлтай?

-Эмэгтэйчүүдээс зөвхөн өөрийн хариуцах ёстой салбар гэх ухагдахуун бүхий өмчилж өгсөн зүйлсийг шаарддаг байна. Энэ талаар тайлбарлая. Хүүхдийн мөнгөний асуудал яривал эмэгтэйчүүдийг зөв, буруу эсэх талаар үзэл бодол, дуу хоолойгоо хүргээч гэдэг. Нэг хүүхэд хүчирхийлэлд өртсөн хэмээн харамсалтай мэдээ гарвал эмэгтэй хүн болохоор хамгийн түрүүнд дуугарах ёстой гэх мэт байдлыг олон нийт шаардаад байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй олон нийт эмэгтэй хүнийг ээж, эгч, хүний хань гэдэг дүрээр хардаг учраас түүнд тохирсон салбарыг өмчлүүлээд байгаа юм. Эрэгтэй хүмүүс ч үүнд анхаарал тавих ёстой.

Яагаад нийгэм эмэгтэй хүмүүсээс дээрх салбарын асуудлуудад илүүтэй анхаарал хандуулахыг хүсээд байна вэ гэхээр олон нийтийн дунд буй эмэгтэй хүмүүсийн зайлшгүй анхаарал хандуулах ёстой зүйлс гэх хэвшмэл ойлголттой холбоотой. Эсрэгээрээ Монгол бөхийн холбооны дүрэмтэй холбоотойгоор дүрмээ шинэчлэхийг хэн нэгэн эмэгтэй хэлье гэж бодоцгооё. Энэ тохиолдолд тухайн эмэгтэй хүн рүү дайрч, давшилж, түүнд хамааралгүй сэдэв гэх мэтээр ярихыг үгүйсгэхгүй. Мөн батлан хамгаалах салбарт эмэгтэй хүн асуудлын талаар яривал олон нийт хэрхэн хүлээж авах вэ. Энэ мэтээс юуг харж болох вэ гэвэл бид ямарваа нэгэн сэдвийг хэтэрхий хүйсээр ялгаж, наадаг.

Бид дундын нийгэм байгуулж байгаа учраас хамтдаа л хэлэлцдэг байх шаардлагатай. Энэхүү сэдвүүдэд эрэгтэй, эмэгтэй гэх мэт хүйсийн асуудлаа ярихаас урьтаж мэдэх ба мэдэхгүй сэдэв гэх ойлголттой байх нь чухал. Бөхийн талаар сайн мэдэх эмэгтэй түүнтэй холбоотой асуудлуудыг ярьж, хүүхдийн хүчирхийлэл, халамжийн талаар мэдэх эрэгтэй үүний талаар ч ярих боломжтой. Тэгэхээр хүйсээр ялгаварлаж харьцдаг хэвшмэл ойлголтыг өөрчлөх шаардлагатай байна.

-Монгол Улс хүний эрхтэй холбоотой олон гэрээ, конвенцод нэгдэж, хуульдаа ч энэ талаар тусгасан байдаг. Гэвч эдгээр хууль тогтоомжууд хөрсөн дээр бүрэн дүүрэн хэрэгжихгүй байх шиг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Хүний эрхийг хангах гэдэг байнгын үйл явц юм. Хүний эрх гэж тодорхой цэгт хүрчихдэг оргилтой адилгүй байна. Яагаад байхгүй вэ гэхээр хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхдээ хэвлэл мэдээллийг ашигладаг байсан. Гэтэл цахим эрин үе бий болсноор хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх хэв маягт өөрчлөлт орсон юм. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх гэж юу вэ гэх ухагдахууныг дахин бодох шаардлагатай болж байна. Хэн нэгнээс зөвшөөрөл авахгүйгээр цахим орчиндоо үзэл бодлоо илэрхийлж байна шүү дээ. Мөн амьд явах эрхийн талаар ярья. Зүгээр нэг оршин тогтнох эрх биш. Төр идэвхтэй үйл хийх буюу хоол, хүнс, хөрс, ус гэх мэт олон байраар хангахад шаардлагатай амьдралын наад захын нөхцөлийг хангаснаар амьд явах эрхийг хангаж байна хэмээн хэлэх жишээтэй. Эсвэл хүүхдийг аюулгүй, осолгүй, зам тээврийн элдэв янзын гэнэтийн осолгүй орчин бүрдүүлсэн цагт хүүхэд амьд явах эрхийг хангана гэх мэтээр хууль байнга өргөжиж явдаг байна.

Дэлхийн шударга ёсны индекс гэж байдаг. Манай улсын хувьд 194 орноос уг индекст үндсэн эрхийг хангах үзүүлэлтээр бол дунджаар эрэмбэлэгдсэн. Харин эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн үзүүлэлтээр манайх дунджаас доогуур байр эзэлдэг. Эдийн засгийн үзүүлэлтэд баялгийн хуваарилалт тэгш байж чадсан эсэх, эмзэг хэсэгт халамж хүрдэг эсэх асуудал яригддаг. Хөдөлмөрлөх эрхээр манай улс 50 орчим хувьтай хэмээн гарсан. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ихээхэн зөрчигддөг. Хөрс, ус, агаарын чанар гэх мэтийг дурдаж болно. Орчны тав тух ч бас яригдана. Нэг байшингаас нөгөө рүү зорчих, алхахад аятай, тухтай зам талбай байгаа эсэх асуудал байна. Тэгэхээр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд бид сайнгүй байна. Харин  иргэний болон улс төрийн эрхийн тухайд  дунджаас дээгүүр үзүүлэлттэй байдаг.

-Дэлхийн шударга ёсны индекст хамгийн муу үзүүлэлттэй байгаа эрх нь ямар эрх байсан бэ?

-Хамгийн муу үзүүлэлттэй байсан эрх нь халдашгүй байдлын эрх, бас хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийг хангах асуудал. Хүний бие, эрүүл мэнд, эрх чөлөө, нэр төр халдашгүй байх ёстой. Гэтэл энэхүү эрх хамгийн хангалтгүй үзүүлэлттэй гарсан. Нэг шалтгаан нь цахим хэрэглээнээс үүдэлтэй байж мэднэ. Цахим орчинд сэтгэгдэл бичих, доромжлох, гутаах, гэх мэт үйлдлээр хүний халдашгүй байдал буюу хувийн орон зай руу их нэвтрэх болсон. Нэр хоч өгөх, шууд доромжлох, гутаах, олон нийтэд эх сурвалж мэтээр түүнийгээ түгээдэг. Хувь хүн ямар нэгэн байдлаар бичээгүй байсан ч нийтлэл доор нь үзэн ядсан агуулга бүхий доромж үгсийг сэтгэгдэл болгон бичсэн байдаг.

-Суурин хот, нүүдэлчний хотонд буй хүмүүс аль аль нь эрхээ эдлэх боловч хэрэгжилт, хүртээмж, үнэлэмж нь харилцан адилгүй байлтай?

-Бид дотооддоо хүний эрхийн талаар онцлог байдлыг харах хэрэгтэй. Цөөхөн хүн амтай, газар нутгийн хувьд тархмал, хот суурин газар болон хөдөө орон нутагт хүний эрх шууд хэрэгжих боломжтой эсэх, амьдрах ахуйн соёл, хэв маягаас хамаарч хүний эрхийн хэрэгжих байдал харилцан адилгүй байна. Хүн бүр эрхээ эдлэх хэрэгтэй. Гэвч нүүдэлчин болон суурин амьдралаас үүдэж ялгамжтай амьдралын хэв маягийг хараад хүний эрхийг хэрхэн хангаж, хамгаалвал зохистой вэ гэдгийг эрэгцүүлэх учиртай.

-Цахим орчинд хүний халдашгүй байдлын эрх хамгийн ихээр зөрчигддөг талаар дурдлаа. Цар тахалтай ч холбоотойгоор энэ асуудал нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ. Цахим орчин гэдэг хүний эрхийг зөрчих маш том сектор болоод хувирчихлаа шүү дээ?

-Монгол Улс цахим хэрэглээгээр идэвхитэй юм билээ. Нийтдээ 80 хувь нь ухаалаг утас, юмуу компьютер хэрэглэдэг, ихэнх нь фэйсбүүк хэрэглэгчид байна. Цахим орчинд асар идэвхтэй ард түмэнтэй гэсэн үг. Эерэг тал нь цахимаар дамжуулан мэдээллийг түргэн шуурхай авах, хаашаа ч холбогдох боломжтой болж байгаа юм. Сөрөг тал нь нэгдүгээрт, нэр хаяггүй буюу троллууд ихээр бий болдог. Хоёрдугаарт, нэр, хаягтай хэдий ч доромж, гутаасан өнгө аястай мэдээ мэдээлэл түгээх нь ихэссэн. Өсвөр насын буюу төлөвшиж амжаагүй хүүхдүүдийн хувьд цахим дээрэлхэлтэд өртөх нь элбэгшсэн байна. Бүр амиа хорлохыг завдах хүртэл дээрэлхэлтэд өртөх тохиолдол байгааг судалгаанаас харж болно.

Цар тахлын үеэр хөл хорионд байснаас үүдэлтэйгээр насан хүрсэн хүмүүсийн гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд шалгуулах шаардлагатай гэсэн тоо баримт байгааг мэргэжлийн эмч нар мэдээлсэн. Хүн гэдэг нийгмийн амьтан. Тиймээс нийгмийн харилцаанд оролцохгүй байх тусам сэтгэцийн хувьд тодорхой хэмжээний өөрчлөлтөд ордог байна. Үүнээс улбаалж тэр бухимдлаа гаргахын тулд цахим орчныг ашигласан гэсэн үг юм.

Тэгвэл үүнийг яаж, хэрхэн шийдэх вэ гэх асуулт гарч ирж байна. Цахим орчинд хийж буй энэ үйлдлүүд буруу гэдгийг олон нийтэд хүргэх шаардлагатай юм билээ. Хүмүүст сөргөөр мэдээлэх тусам сөргөөр бүхий л зүйлийг шийддэг болно. Тиймээс эерэгээр мэдээлэх хэрэгтэй. Мөн гутаасан, гоочилсон, хочилсон мэдээллийн 30 хувийг сэтгүүлчид бичдэг аж. Харин үлдсэн 70 хувь нь сэтгэгдэл хэлбэрээр байдаг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд тодорхой хэмжээний хэмжээ, хязгаартайгаар мэдээлэх шаардлагатай байгаа юм.

Сүүлийнх нь бүх нийтийн боловсролын асуудал байна. Дижитал орчинд хэрхэн зохистой, аюулгүй байх талаар суралцаж, мэдэх хэрэгтэй. Эрүүгийн болон зөрчлийн хуулинд тодорхой заалтууд бий. Харилцаа холбооны зохицуулах хорооноос журамладаг, тодорхой үг хэллэгийг хязгаарладаг. Гэвч эдгээр нь хангалтгүй байна. Нөлөөллийн аян мэт бүх хүн л ярих, давлагаалах хэрэгтэй. Мөн хүн бүрийн оролцоо чухал. Бүх талууд санал, шийдлээ хэлэлцээд, ярилцах хэрэгцээ байна.

-Хэл амаар доромжлох тохиолдол хүний эрхийн зөрчил дунд томоохон байр суурийг эзэлдэг. Гэтэл гудамжинд танихгүй хүн биед халдах, үг хэлээр доромжилсон тохиолдол гарах үед цагдаагийн байгууллагад хандахаар нотлох баримтгүй гэх шалтгааны улмаас гомдол, хүсэлт авдаггүй. Үүнийг хэрхэн шийдэх ёстой юм бэ. Дуугүй өнгөрч болохгүй зүйл шүү дээ?

-Таны хэлдэг их чухал, хөндөх ёстой асуудал л даа. Манай улсад зохицуулалт дутмаг, хэрэгжилт нь хангалтгүй байдаг хүний халдашгүй байдалтай холбоотой асуудал бол энэ. Нийтийн эзэмшлийн зам талбай, цахилгаан шат, автобусанд, гудамжинд гэх мэт газруудад явж буй үед хүн доромжилбол яах вэ. Биед үл хүрсэн атлаа хэл амаар доромжлох, биед хүч хэрэглээгүй хэрнээ санаатайгаар хүрэх үед олон нийтийн газар танхайрсан, зөв зохистой биеэ авч яваагүй гэх зүйл заалтаар шийдэхээр юм билээ.

Харин хүний халдашгүй байдлын эсрэг гэж тооцдоггүй. Хэрэв ийм тохиолдол бүртгэгдвэл хохирогч нь халдашгүй байдлаа хамгаалуулах үүднээс гомдол гаргасан ч одоо байгаа хуулийн зохицуулалтаар олон нийтийн амгалан тайван байдалд халдсан гэх заалтаар л зөрчил үүсгэдэг. Материаллаг бус, эдийн бус болох нэр төр, алдар хүнд, үг хэлээр доромжлох зэргийг хамгаалах шаардлага байсаар байгаа.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top