Их Британи Украины дүрвэгчийг байрлуулсан бол 450 ам.доллар олгоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 13

Их Британийн Засгийн газар Украины дүрвэгсдийг байрлуулсан иргэн, байгууллагад сард 450 ам.доллар олгохоор болжээ.

Дүрвэгсдийг хүлээн авах шинэ хөтөлбөрийн хүрээнд Украины бүх иргэн тус улсад шилжин ирэх боломжтой болжээ. Тэднийг хүлээн авах хүсэлтэй иргэн, байгууллагууд дор хаяж хагас жилийн хугацаанд тэднийг сайн дурын үндсэн дээр байрлуулах үүрэг хүлээх гэнэ. Украины дүрвэгсдэд тус улсад оршин суух, хөдөлмөр эрхлэх, төрийн үйлчилгээнд хамрагдах гурван жилийн зөвшөөрөл олгохоор болсон байна.

Энэ сарын 10-нд Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател Украины дүрвэгсдэд зориулж тус улсын хилээр нэвтрэх, виз авах нөхцөлийг хөнгөвчилсөн тухай мэдээлсэн билээ.

Их Британийн эрх баригчдын мэдээллээр, одоогийн байдлаар Украины нэг мянга орчим иргэнд хилээр нэвтрэх зөвшөөрөл олгожээ. Нийт 20 мянга гаруй хүсэлт хүлээн авсан байна.

Олон улсын дүрвэгсдийн байгууллагын мэдээллээр, ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойших хугацаанд Украины нийт 2.2 сая иргэн эх орноосоо дүрвээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top