Ян Жечи: Бээжинд шахалт үзүүлэх аливаа оролдлого бүтэлгүйтнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Хятадын Коммунист намын Төв хорооны гадаад хэргийн комиссын тамгын газрын дарга, ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн Ян Жечи Украин дахь нөхцөл байдлын суурь учир шалтгааныг судалж, талуудын ашиг сонирхлыг анхааралдаа авах шаардлагатай гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай Ром хотноо хийсэн хэлэлцээний үеэр мэдэгджээ.

Ян Жечи Украины асуудлын түүхэн улбаа, асуудал үүссэн учир шалтгааныг тодруулж, талуудын ашиг сонирхолд нийцүүлэх нь чухал хэмээн онцолжээ.

Тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгт ОХУ, Украины хэлэлцээг бодитой үр дүнд хүргэх, ойрын хугацаанд хурцадмал байдлыг шийдвэрлэхийн тулд дэмжихийг уриалсан байна. Түүнчлэн Европт аюулгүй байдлын хангах тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой механизм бий болгохыг мөн уриалжээ.

Хэлэлцээний үеэр Ян Жечи Хятад улсад дарамт, шахалт үзүүлэх, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн аливаа оролдлого бүтэлгүйтнэ гэж мэдэгджээ. Шинжаан, Төвөд, Хонконгийн асуудал Хятадын талын эрх ашигт хамаатай. Энэ бол Хятадын дотоод хэрэг бөгөөд хөндлөнгөөс оролцохыг тэвчихгүй гэж онцолжээ.

Ян Жечигийн хэлснээр, АНУ-ын эрх баригчдын Тайванийн талаар авч буй арга хэмжээ нь “Нэг Хятад” зарчмыг баримтална гэсэн амлалттай зөрчилдөж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шинэ хүйтэн дайныг эхлүүлэхийг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн. АНУ нь Хятадын улс төрийн тогтолцоог өөрчлөхийг эрмэлзэхгүй, олон улсын тавцанд БНХАУ-ын эсрэг блок бий болгохгүй гэж амлаж байсан. Тиймээс АНУ-ын тал Ерөнхийлөгч Байдены амлалтыг биелүүлнэ гэдэгт найдаж буйгаа Ян Жечи илэрхийлжээ.

Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд БНХАУ, АНУ-ын хооронд яриа хэлэлцээг идэвхжүүлэх, аливаа зөрчил, сөргөлдөөнөөс зайлсхийх нь хоёр ард түмний эрх ашигт төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг, дэлхий дахины хүлээлтэд нийцэж байна гэж Ян Жечи онцолжээ.

Жейк Салливан, Ян Жечи нар өмнө нь Цюрих хотноо 2021 оны аравдугаар сард уулзаж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.236) 2022 оны 03 сарын 15

Гуц гуц

0  |  1
Top