Өнөөдөр казах түмэн Наурыз буюу Хаврын баяраа тэмдэглэж байна.
Монгол орны маань баруун хязгаарт орших Баян-Өлгий аймгийг зорьсон бяцхан дурсамжаа өгүүлье.
...Зургаадугаар сарын сүүлчийн халуун өдрүүд. Баян-Өлгий аймаг руу ойртох тусам цаг агаар хүйтэн болж байлаа. Өлгий хот руу нэлээд дөхөхөд өвөл болж байна уу даа гэж бодогдохоор цас, сүрлэг өндөр уулсын хүйтэн цаг агаар угтсан юм. Тэр өндөр уулст тэнгэрт элэн халин дүүлэх бүргэд л байдаг гэмээр бахдам сүрлэг. Бидний суусан автобусанд эгшиглэх домбрын аялгуу, орчин үеийн чанга хөгжим хосолсон казак дуунууд тэрхүү сүрлэг уулс, цас, гол горхи нийлэн хайлж урсаж буй байгалийг улам бүр амь оруулна. Ёстой л бүргэд л ийм уулсын дунд амьдарч, казак түмэн энэхүү онгон байгалиас бүргэд барьж аван гаршуулж, дэлхий дахинд Монголын соёлыг сурталчилсан Бүргэдийн баярыг хийдэг болов уу. Зуны халуунаар цас мөсөөр дүүрэн уулсын дундуур явсаар Өлгий хотод очиход зургаадугаар сарын халуун орой угтсан. Нөгөө цастай уулс огт байхгүй мэт халуун. Гэхдээ эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар дүүрэн энэ аймгийг Бүргэдийн нутаг гэж би өөртөө нэрлэсэн юм.
Казак түмэн, монголчууд холилдон байдаг энэ нутгийнхан маш найрсаг. Орсон гарсан гийчдийг бешбармак гэх хамгийн хүндтэй хүмүүстээ барьдаг махан зоогоороо дайлна. Таньдаг, таньдаггүй хамаагүй ширээ тойрон суугаад ертөнцийн сонин хачныг ярилцана. Энэ зуур гэрийн эзэн домбрын уянгалаг аялгууг казак болон монгол дуутай хослуулан зочдодоо ая барина...Казак түмний дуу, хөгжмийг сонсоход тэнгэрт эрх дураараа нисэх бүргэд нүдэнд харагдахаар тийм чөлөөтэй, дэврүүн, сонсголонтой...
Сэтгэгдэл ( 0 )