ШИЙДВЭР: Бодлогын хүүг 2.5%-иар өсгөж, 9% болголоо

2022 оны 03 сарын 24

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тов ёсоор энэ долоо хоногт хуралдаж, гаргасан шийдвэрээ өнөөдөр /2022.03.24/ танилцууллаа.

 

Мөнгөний бодлогын хороо Бодлогын хүүг 2.5 хувиар өсгөж, 9 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас хойш эхэлсэн инфляцын эрчим буурахгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан Мөнгөний бодлогын хороо ийнхүү Бодлогын хүүг өндөр хувиар өсгөлөө. Сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сард ээлжит бусаар хуралдаж, Бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлэн, 6.5 хувь болгож байсан билээ.

Нэгдүгээр сард шийдвэр гарах үед буюу 2021 оны 12 дугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарсан байсан.

Тэгвэл сүүлийн буюу хоёрдугаар сарын статистик үзүүлэлтээр, инфляц улсын хэмжээнд 14.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 15.5 хувьтай буюу илүү өссөн байгаа юм.

Монголбанк эдийн засгийн сэргэлтийн явц, инфляцын өрнөлтэй уялдуулж бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан.

Одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, дотоодод ковидын халдварын тархалт буурсан ч манай уул уурхайн түүхий эдийн үндсэн зах зээл  БНХАУ-д халдварын тохиолдлууд нэмэгдсээр байгаа нь, хил гаалийн хорио цээр хэвийн байдалд ороход  хугацаа шаардах нөхцөлийг  үүсгээд байна. Үүний зэрэгцээ  ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор хойд хилээр бараа, бүтээгдэхүүн татаж авахад эрсдэлтэй нөхцөл үүсээд байна.

Инфляцыг өдөөсөөр өнөөдрийг хүрсэн нийлүүлэлтийн шалтгаанууд улам нэмэгдсээр байгаа энэ үед инфляцын эрчмийг бууруулахын тулд Бодлогын хүүг чангаруулахаас өөр ямар арга, гарц гаргалгаа байна вэ гэдэг асуудал анхаарал татаж буй талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан.

Эдийн засагчдын байр суурийг сонсоход, Мөнгөний бодлогын хороо энэ удаагийн хурлаараа  Бодлогын хүүг дахин өсгөх байх гэсэн таамаг давамгайлж байсанчлан ийнхүү 2.5 хувиар өсгөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top