Гурван улсын үлгэр | 10 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


I БОТЬ-10 ДУГААР БҮЛЭГ

 

МАТЭН ЖУРМЫН ЦЭРЭГ ҮҮСГЭЖ ХААН ТӨРИЙГ ТЭТГЭСЭН ЦАОЦАО ЦЭРЭГ БАЙГУУЛЖ ЭЦГИЙН ТӨЛӨӨ ХАРИУ АВСАН

Өгүүлэх нь: Лизюэ, Гуосы хоёр хулгай Сяньди хааныг “алсугай!” хэмээхүйд Жанжи, Фаньчоу ятгаж өгүүлрүүн: “Болохгүй! Эдүгээ даруй албаас олон иргэн бишрэхгүй болмуй! Түр эзэн болгон агуулж мужийн эздийг хуурч боомтын дотор оруулан ирээд урьд түүний жигүүр өдийг арилгасны хойно албаас дэлхий дахиныг бодолхийлж болмуй!” хэмээсэнд Лизюэ, Гуосы хоёр түүний үгийг дагаж цэргийн зэвсгээ талбив. Хаан асрын дээрээс ухуулан өгүүлрүүн: “Ван Юнийг нэгэнтээ алсан атал цэрэг морио юунд бас татахгүй болой” гэхэд Лизюэ, Гуосы өгүүлрүүн: “Сайд бид хаан төрд гавьяатай атал зэрэг хэргэм хүртээгүй. Тийнхүү аймшиггүй цэргийг эс татав”. Хаан өгүүлрүүн: “Сайд нар та ямар хэргэм өргөмжлөгдсүгэй хэмээмүй” гэхэд Ли, Гуо, Жан, Фаньгийн дөрвүүл тус бүр өөрөө тушаал зэргийг бичиж өргөөд тэр мэт зэрэг дэсийг албадаж авсугай хэмээхүйд хаан аргагүй үгийг дагаж лизюэг тэрэг хөлөглөгч жанжин Ци Янхоу болгож Сыли Сяовэй түшмэл өгч үет цомцог хүртээв. Гуосыг Хоу жанжин Мэй Янхоу болгон үет цомцог хүртээж улсын засгийг хамт шийтгэ хэмээв. Фаньчоуг баруун жанжин Вань Няньхоу болгож, Жанжиг Жи Бяоци жанжин болгож Пин Янхоу болгоод цэргээ авч Хун Нунгийн газар суугтун хэмээв. Жич Лимөн, Ванфан нарт цөм Сяовэй түшмэл өгсөн хойно олон бүгд хааны хишигт мөргөж цэргээ авч хотоос гараад бас захиа зарлаж Дунжуогийн ясыг нэхэн ирүүлээд арьс ясыг багахан олсноор үнэрт модоор сийлж биеийг бүтсэн хойно их тахилга бэлдэж вангийн хэргэмийн дээл малгай өмсгөн авсалж сайн өдөр сонгон Мэй Үд нүүлгэн аваачиж оршуулахуйд тэр өдөр их аянга бороо орж тэгш газар ус хэдэн тохой гүн болоод авсыг аянга дайрч нээгээд ясыг авсны гадна чирч гаргав. Лизюэ тэнгэр арилахыг хүлээж дахин оршуулбаас тэр шөнө бас мөн адил болов. Дараагаар гурван удаа халж оршуулсан боловч цөм чадсангүй арьс өөдөс, яс хэмхдэг бүгдээр аянгын галд устжээ. Тэнгэрийн дунжуод уурласан нь ихэд хэмээж болмуй. Тэндээс Лизюэ, Гуосы их эрхийг барьж зуун овгийн иргэнийг харгислан хорломуй. Бас нууцаар сэтгэл зүрх мэт хүмүүнийг зарж хааны дэргэд байлгаж түүний үйл хөтөлбөрийг тэнсүүлэв. Тэр цагт Сяньди хаан хөдлөх суух нь өргөст модонд байх мэт төрийн олон түшмэдийг дэвшүүлэн бууруулах нь цөм энэ хоёр хулгайн санаагаар болгомуй. Эрдэмтнийг сонгон эрмэлзлийг хангахын учир онцгой Жүзюнийг авч ирээд Тайпү түшмэл өргөмжилж засаг төрийн хэргийг хамт шийтгүүлэв. Нэгэн өдөр хүмүүн ирж мэдүүлрүүн: “Силягийн тайшоу Матэн, Бинжоугийн Цыши Ханьсүй хоёр жанжин арав илүү түмэн цэрэг авч чан аньгийн зүг алахаар ирлээ. Задруулан хэлэх нь “Хулгайг дайлмуй!” хэмээмүй. Хоёр жанжин урьд хулгаж хүмүүн зараад Чан Ань хотод илгээн шижун түшмэл Ма Юй, Зянь И Дайфү түшмэл Жуншао, зүүн этгээдийн Жунлан жанжин түшмэл Люфань гурван хүмүүн лүгээ хамт нийлэн дотроос туслахаар зөвдөж нягтаар Сяньди хаанд айлтгасанд Матэнг Жэнши88 жанжин, Ханьсүйг Жэньши89 жанжин болгон өргөмжилж тус бүр нягт зарлиг бичгийг хүлээж хамт хүчээр “Хулгайг дайлсугай” хэмээсэн ажгуу. Тухайд Лизюэ, Гуосы, Жанжи, Фаньчоу нар хоёр жанжны цэрэг авч ирснийг сонсоод хамт дайсныг халхлах хэргийг зөвдөхөд зөвлөлийн түшмэл Зясюй өгүүлрүүн: “Хоёр багийн цэрэг холоос ирсэн тул гагц гүн гуу, өндөр хэрэм барьж батлан сахиж мөчөөрхвөөс зуун өдөр болохгүй түүний цэрэг амуу өвс тасраад эрхгүй өөрөө буруулан эчмүй. Тэр үед цэрэг авч хойноос нэхвээс хоёр жанжинг барьж болох болой” хэмээсэнд Лимөн, Ванфан гарч өгүүлрүүн: “Энэ сайн арга бус. Дуртайяа нэгэн түмэн шилсэн цэрэг зээлэн авч мөн даруй Матэн, Ханьсүйг алаад тэргүүнийг тугийн дор өргөсүгэй!” хэмээсэнд Зясюй өгүүлрүүн: “Эдүгээ даруй байлдваас эрхгүй дарагдмуй”. Лимөн, Ванфан нэгэн дуугаар хэлрүүн: “Хэрвээ бид хоёул дарагдваас маны толгойг авсугай! Хэрвээ дийлбээс гүн чи бас толгойгоо маньд өгөх хэрэгтэй!” хэмээсэнд Зясүй, Лизюэ Гуосыд өгүүлрүүн: “Чан Аньгаас баруунш хоёр зуун газрын эцэст Жоу Жишань уул буй. Тэр зам бэрх цухал тул Жанжи, Фаньчоу хоёр жанжнаар тэнд цэрэг буулган бат бэх хэрэм цогцлон сахиулж Лимөн, Ванфан нарын цэрэг авч байлдахыг хүлээвээс зохимуй” хэмээсэнд Лизюэ, Гуосы үгийг дагаж нэгэн түм таван мянган цэрэг сонгож Лимөн, Ванфанд өгсөнд хоёул их л баярлан одов. Чан Ань хотоос хоёр зуун наян газар хол гарч их хүрээ байгуулав.

Түүнээс силян мужийн цэрэг хүрч ирсэн хойно хоёул цэрэг авч угтваас силян мужийн цэрэг морь зам хааж жагсаал жагсаагаад матэн, Ханьсүй морио зэрэгцүүлэн гарч ирээд лимөн, Ванфан хоёрыг заагаад харааж өгүүлрүүн: “Улсаас урвасан хулгайг хэн гарч баримуй” хэмээн хэлж барахын урьд үзвээс нэгэн залуу жанжин нүүрийн өнгө хас адил, нүд нь од мэт, барсын бие, бичний тохой, баршиг гөрөөсийн гэдэс, чонын нуруутай. гартаа урт жад барьж сайн морь унаад жагсаалаас нисэх мэт гарч ирэв. Харин тэр жанжин нь матэнгийн хөвгүүн ажгуу. Нэр чао, өргөсөн нэр мөнци, сая арван долоон настай. идэр баатрыг нь эсэргүүцэл үгүй. Ванфан түүнийг нас бага хэмээн басамжилж морио шээлгэн угтаж ирээд хэдэн удаа байлдсангүй. мачаод жадлагдаж мориноос унав. мачао морио татаж эгэхүйд лимөн, Ванфаныг жадалж алсныг үзээд морио давхиж мачаогийн арын хойноос нэхэж ирэв. мачао үл мэдэгч болж байхуйд матэн их дуугаар өгүүлрүүн: “арын хойно хүмүүн нэхэж ирэв” хэмээн хэлж барахын урьд мачао даруй лимөнг морин дээрээс амьдаар барив. Үзвээс мачао, лимөнгийн нэхэж ирэхийг мэдээд тийнхүү санаатайгаар оджээ.

88 Өрнийг түвшитгэгч

89 Өрнийг дарагч 

Тэр ойр хүрч ирээд жад өргөн жадлахуйд Мачао бие зайлсанд Лимөн хоосон болоод морь зэрэгцэн ирсэн тул Мачао бичний тохойгоо хөнгөнөөр сунгаж амьд барьсан ажгуу. Үүнд цэрэг эзэнгүй болоод салхины аяар сарнин дутаахуйд Матэн, Ханьсүй мөн хүчинд нэхэж алаад их л дийлж уулын хавцалд хүрч хүрээ буусан хойно Лимөн Ванфан хоёулыг алж толгойг өлгөв.

Түүнээс Лизюэ, Гуосы хоёул Лимөн, Ванфаныг Мачаод “Алагдав!” хэмээн сонсоод сая Зясюйг урьд мэдэх гэгээн ухаантай хэмээн итгэж түүний аргыг хүндэд хэрэглэж боомт хавцлыг батлан сахиад түүний таваар байлдахаар ирэвч нэг ч гарч угтахгүй болсонд үнэхээр Силянгийн цэрэг хоёр сар болсонгүй амуу өвсөө бараад цэрэг эгэхүйг зөвдөлцөв. Тэр үес Чан Ань хотын дотор Ма Юйгийн гэрийн хүмүүн гэрчилж гэрийн эзэн Лю Фань, Жуншао лугаа хамтаар гаднахь Матэн, Ханьсүйд нийлж “Дотуураар тусалсугай!” хэмээн болзсон учрыг хэлсэн тул Лизюэ, Гуосы ихэд уурлаж энэ гурван гэрийн хөгшин залууг цөм барьж зээл дээр алаад гурван толгойг огтолж хаалганд өлгөснийг Матэн, Ханьсүй үзээд цэргийн хүнсээ барсан бөгөөд дотуур туслагч бас сэрэгдсэн тул арга буюу цэрэг эгэв. Лизюэ, Гуосы даруй Жанжигээр Матэнг нэхүүлж Фапьчоугаар Ханьсүйг нэхүүлсэнд Силянгийн цэрэг ихэд дарагдсан тул Мачао хойно нь үхэн байлдаж Жанжиг эгүүлэв. Фаньчоу Ханьсүйг нэхэж очоод Чэньцангийн ойр хүрэхүйеэ Ханьсүй морио татаж Фаньчоугийн зүг өгүүлрүүн: “Би гүн чам лугаа нэг айлын хүмүүн атал энэ өдөр юунд ийм нүүр талбих үгүй аж”. Фаньчоу бас морио зогсоож өгүүлрүүн: “Дээдийн зарлигийг зөрчиж болохгүй!”. Ханьсүй өгүүлрүүн “Миний энэ удаагийн ирсэн нь бас ч улс гэрийн төлөө болой. Гүн чи юунд энэ мэт шахамдуулмуй” хэмээсэнд Фаньчоу сонсоод морио эгүүлэн цэргээ хурааж хойш хүрээнд эгэж ирэв.

Түүнээс Лизюэгийн ач Либе Фаньчоу, Ханьсүйг талбиж явуулсныг үзээд хойш ирж авгадаа хэлсэнд Лизюэ ихэд уурлаж даруй цэрэг авч “Фаньчоуг дайлсугай!” хэмээсэнд Зясюй өгүүлрүүн: “Эдүгээ хүмүүний сэтгэл тогтоогүй тул даруй цэрэг хөдөлгөхөд ихэд тусгүй. Харин нэгэн хурим бэлтгэж Жанжи, Фаньчоугийн “Гавьяаг баярламуй!” хэмээн залж ирээд хуримлах хооронд албаас нэг ч хүч сүйтгэхгүй” хэмээсэнд Лизюэ ихэд баярлав. Даруй хурим бэлтгэж хүмүүн зараад Жанжи, Фаньчоуг залуулсанд хоёр жанжин хуримлахаар ирэв. Хуримлаж хагасалсны хойно Лизюэ гэнэт царай хувилж өгүүлрүүн: “Фаньчоу юунд Ханьсүй лүгээ нэвтрэлцэж урвасугай хэмээмүй?” хэмээхэд Фаньчоу ихэд цочиж хариу өчиж завдаагүй байтал илд сүх барьсан хүмүүн гүйлцэн гарч ирээд Фаньчоуг ширээний өмнө алав. Жанжи ихэд айж газарт сөгдсөн хойно Лизюэ өргөж босгоод өгүүлрүүн: “Фаньчоу “Урвасугай!” хэмээсэнд тийнхүү алсан бөлгөө. Гүн чи миний сэтгэлийн хүмүүн тул юунд цочин айна вэ?” хэмээгээд Фаньчоугийн цэргийг цөм Жанжид өгч захируулав. Жанжи даруй Хун Нунгийн газарт эгэжээ.

Тэндээс Лизюэ, Гуосы нар Силянгийн цэргийг дийлснээс олон мужийн эзэд хэн алин ч аймшиггүй мөн бус хэмээх үгүй болжээ. Зясюй удаа дараа зуун овогтыг номхотгон амаржуулж мэргэн сайдыг цуглуулан найрла хэмээн сануулснаас хаан баахан санаа амар болов. Санамсаргүй Цинжоу мужийн газар шар алчуурт хулгай бас дэгдэж хэдэн арван түмний олныг цуглуулж сайн иргэний юмыг дээрэмдэн булааж явахуйд Тайфү Жузюнь нэгэн хүмүүнийг батлан гаргаж олон хулгайг эвдвээс болмуй хэмээсэнд Лизюэ, Гуосы асууруун: “Ямар хүмүүн аж” гэхэд Жузюнь өгүүлрүүн: “Шаньдунгийн олон хулгайг эвдсүгэй хэмээвээс цао мөндөгөөс бусад болохгүй” хэмээсэнд Лизюэ өгүүлрүүн: “Мөндө эдүгээ хаана буй?” гэхэд Жузюнь өгүүлрүүн: “Сонсвоос Дунзюнь Тайшоугийн тушаалд аж. Цэрэг морь олонтой буй хэмээмүй. Хэрвээ түүгээр хулгайг дайлуулбаас өдөр зааж эвдэж чадмуй” хэмээсэнд Лизюэ ихэд баярлаж мөн шөнөдөө зарлиг бичиг бичээд хүмүүн зарж Цаоцаог Жибэй газрын Сян түшмэл Баосинь лугаа хамт “Хулгайг эвдэгтүн!” хэмээн илгээв. Тэндээс Цаоцао зарлиг бичгийг хүлээн авч Баосинь лугаа цэрэг нийлж мордоод шоу янгийн газар хулгай лугаа байлдсанд Баосинь хулгайн газарт гүн орсноор хулгайд алагдав. Цаоцао хулгайг нэхсээр Жибэйгийн газар хүртэл хулгайн дагасан нь хэдэн түмний олон. цаоцао даруй дагасан хулгайг өмнөө болгож урагш довтолгон цэрэг морины хүрсэн эл газрын хүмүүн үл дагасан нь үгүй. Зуун өдөр өнгөрсөнгүй тохинуулан амаржуулж дагуулсан цэрэг гуч илүү түм эр эм зуу илүү түм болжээ. Цаоцао хурц сайныг сонгож Цинжоугийн цэрэг хэмээн нэрлэж үлдсэнийг цөм тариалан үйлдэхээр явуулав. Үүнээс Цаоцаогийн нэр сүр улмаар хүнд болов. Чан Аньд сэтгүүл довтолгосонд хаан Цаоцаог Жэндун90 жанжин болгожээ.

Тэндээс Цаоцао Яньжоу газарт байж мэргэдийг даллаж эрдэмтнийг хураахуйд нэгэн авга ач хоёул Цаоцаог дагахаар ирэв. Тэр Инчуаний Инь газрын хүмүүн овог Сюнь, нэр Юй, өргөсөн нэр Вэньруо, Сюнькүнгийн хөвгүүн болой. Угтаа Юаньшаог дагаж асан бөлгөө. Эдүгээ Юаньшаог гээж Цаоцаог дагахаар ирэв. Цаоцао учирч хэлэлцээд ихэд баярлаж өгүүлрүүн: “Энэ миний зыфан91 болой” хэмээгээд даруй явган цэргийн Сыма түшмэл болгов. Түүний ач хөвгүүн Сюнь Ю, өргөсөн нэр Гунда, далайн доторх нэртэй эрдэмтэн урьд Хуан Мэнь Шилан түшмэлд асан бөлгөө. Хойно тушаалаа гээж нутагтаа эгсэн ажгуу. Эдүгээ түүний авга лугаа хамт цаоцаог дагахаар иржээ. Цаоцао түүнийг явах цэргийн сургагч болгожээ. Сюнь Ю өгүүлрүүн: “Би сонсвоос Яньжоуд нэгэн мэргэн эрдэмтэн буй хэмээмүй. Эдүгээ энэ хумүүн хаана байхыг мэдэхгүй” хэмээсэнд Цаоцао асууруун: “Хэн болой”. Сюнь Ю өгүүлрүүн: “Дунзюнь газрын хүмүүн, овог Чэн, нэр Юй, өргөсөн нэр Жундө”. Цаоцао өгүүлрүүн: “Би ч бас нэрийг сонсоод удав” хэмээгээд даруй хүмүүн зарж уг гацаанаас эрж асуухуйд “Уулын дотор бичиг уншиж баймуй” хэмээн мэдээ олсонд Цаоцао ёсчлон залуулав. Чэн Юй ирж учирваас Цаоцао ихэд баярлав.

90 дорныг түвшитгэгч

91 баруун Хань улсыг байгуулахад хүчин зүтгэсэн гавьятан сайд Жанлянгийн өргөсөн нэр.

Чэн Юй, Сюнь Юйд өгүүлрүүн: “Миний эрдэм мөхөс сонссон нь бага тул гүнгийн баталсанд хүрэхгүй. Гүн чиний нэгэн айлын хүмүүн овог Гуо, нэр Зя, өргөсөн нэр Фэнсяо, эдүгээ цагийн эрдэмтэн болой. Яахин залахгүй аж” хэмээсэнд Сюнь Юй гэнэт ухаарч өгүүлрүүн: “Би арай умартав” хэмээгээд даруй Цаоцаод хэлж Гуозяг Яньжоуд залж ирээд хамт дэлхий дахины хэргийг шүүмжлэн хэлэлцэхүйд Гуозя Гуан Ү хааны угсааны ачийг батлав. Тэр нь Хуайнаньгийн Чөндө газрын хүмүүн овог Лю, нэр Е, өргөсөн нэр Зы Ян. Цаоцао даруй Лю Ег залж ирэв. Лю Е бас хоёр хүмүүнийг батлан хэлэв. Нэг Шань Янгийн Чан И газрын хүмүүн овог Мань, нэр Чун, өргөсөн нэр Бе Нин, нэг нь Үчэн газрын хүмүүн овог Лю, нэр Цянь, өргөсөн нэр Зыкө. Цаоцао мөн угаас энэ хоёр хүмүүний нэрийг мэдэх тул даруй цэргийн доторх Цунши түшмэл болгов. Маньчун, Люцянь хоёул хамт нэгэн хүмүүнийг баталж хэлэв. Тэр хүмүүн болбоос Чэньлюгийн Пинцю газрын хүмүүн овог Мао, нэр Зе, өргөсөн нэр Сяосянь. Цаоцао бас залж авчран Цунши түшмэл болгов.

Бас нэгэн жанжин хэдэн зуун цэрэг дагуулан Цаоцаог дагахаар ирэв. Энэ хүмүүн бол Тайшаний Жюйпин газрын хүмүүн овог Юй, нэр Жин, өргөсөн нэр Вэн Зи. Цаоцао түүний харвах намнахад боловсронгуй цэргийн эрдэмд хэтийдсэнийг үзээд цэрэг шалгах Сыма түшмэл болгов. Нэгэн өдөр Ся Хоудүнь нэгэн их эрийг дагуулан ирж учруулахуйд Цаоцао асууруун: “Ямар хүмүүн болой”. Ся Хоудүнь өгүүлрүүн: “Энэ нь Чэньлю газрын хүмүүн овог Дянь, нэр Вэй, баатар хүч хүмүүнээс хэтэрхий. Угтаа занмяог дагаж асан бөлгөө. Цацрын доторх хүмүүн лүгээ нийцгүй тул арав илүү хүмүүнийг алаад уулын дотор оргож оджээ. Ся Хоудүнь би авлахаар очсонд Дяньвэй нэгэн барсыг хөөж голын завааг гаталж гарсныг үзээд цэрэгтээ хураан авсан болой. Эдүгээ гүнд батлан өргөсүгэй!” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Би энэ хүмүүнийг үзэхүйд байдал дүр эрэмгий. Эрхгүй баатар хүчин буй” Ся Хоудүнь өгүүлрүүн: “Тэр урьд нь нөхрийн төлөө хариу авч өгөхөд хүмүүнийг алаад тэргүүнийг барьж зээлээр нэвтлэн гарахуйд хэдэн зуун хүмүүн айж ойр хүрсэнгүй хэмээмүй. Эдүгээ түүний хэрэглэх хоёр сэрээт төмөр жадны хүнд наян жин болой. Сугандаа хавчиж мориндоо гараад хөдөлгөх нь нисэх мэт” хэмээсэнд Цаоцао Дяньвэйг шалгаж хэрэглүүлэхэд Дяньвэй жадыг хавчин морь унаж дээш доош довтолгон явж атал гэнэт цацрын доорх их туг салхинд цохигдон далжийж унамаар болсныг олон цэрэг түшин тулж зогсоон чадахгүйг Дяньвэй үзээд мориноос бууж олон цэргийн хүмүүнийг зандарч эгүүлээд гагц гараар тугийн ишийг барьж салхинд зогссонд нэг ч хөдлөхгүй болжээ. Цаоцао өгүүлрүүн: “Энэ эртний Үлай92 болой” хэмээгээд даруй цацрын өмнөх Дүвэй түшмэл болгож биед өмссөн хэмэрлэг дээлийг тайлж сайн морь, сийлмэл эмээлтэй хүртээн өгөв. Үүнээс Цаоцаогийн дор бичигт зөвлөлийн сайд буй. Цэрэгт болбоос баатар жанжин байх тул сүр хүчин Шаньдун даяар алдаршжээ. Тайшаньгийн Тайшоу түшмэл Еншаог зарж Лан Е газар эцэг Цаосүнг угтахаар илгээв.

92 Хятадын эртний шан улсын үеийн ид чадлаараа алдаршсан баатарын нэр.

Цаосүн Чэньлюд зовлонгоос дайжин Лан Е газарт нуугдан суусан ажгуу. Тэр өдөр захидлыг хураан авсан хойно дүү Цаодө лугаа гэрийн хөгшин залуу дөч илүү, хүмүүн дагасан нөхөр зуун хүмүүнийг авч зуу илүү тэргээр шууд Яньжоу хотын зүг ирэв. Замд Сюйжоу мужийг дайран гарахуйд Сюйжоугийн Тайшоу Таоцянь өргөсөн нэр Гүнзү, хүний хувьд шударга номхон бөгөөд хэдийнээс Цаоцао лугаа нийлэн явсугай хэмээн санавч учир үгүй байсан тул өнөө Цаоцаогийн эцэг өнгөрөхүйг мэдээд даруй зах гарч угтаад дахин давтан залж оруулсан хойно ихээр хурим бэлтгэж хоёр өдөр хуримлан хүндэлжээ. Цаосүнгийн явахуйд Таоцянь биеэр хот гартал үдэж бас тусгайлан дүвэй түшмэл Жанкайд таван зуун цэрэг өгч хамгаалан илгээв. Тэндээс Цаосүн хөгшин залуугаа дагуулан явсаар Хуа, Фэйгийн хооронд хүрвээс тэр цаг зуны сүүл намрын тэргүүн болсон тул гэнэт их бороо асгаран орохуйд даруй нэгэн хуучин сүмийг эрж буухаар очив. Хүрсэн хойно сүмийн хуушаан93 угтан гарч гэрт оруулсанд Цаосүн гэрийн бүхнийг харгалзан Жанкайгийн цэргийг хоёр этгээдийн жигүүрийн гэрт буулгав. Цэргийн хүмүүний дээл хувцас цөм бороонд норсон тул гаслан хэлэлцэхүйд Жанкай гар доорхи тэргүүлсэн хүмүүнийг сэмээр дуудаж далд газар очоод зөвлөж өгүүлрүүн: “Бид угаас шар алчууртны үлсэн хоршоо бөлгөө. Аргагүйн улмаас Таоцянийг дагаад ямар ч сайныг ч олсонгүй. Эдүгээ Цао овогтын хөсөг хүнд бөгөөд тэрэг морь олон, та нар баян эрхмийг олсугай хэмээвээс бэрхгүй. Энэ шөнө гуравдугаар жинд цавчлан орж Цаосүнгийн гэрийн бүгдийг алаад эд мөнгийг авч уулан дотор оргон очиж хуучин явдлаа үйлдсүгэй. Энэ арга ямар” хэмээхүйд олон бүгд “Болно” хэмээв. Тэр шөнө салхи бороо огт зогсохгүй Цаосүн сууж атал гэнэт дөрвөн зүгээс хашхирах дуун ихэд үүсмүй. Цаодө даруй илд барьж үзэхээр гараад хулгайд жадлагдаж үхэв. цаосүн сая бага эм94-ээ авч хуушаангийн гэрт орж хойд хэрмийг харайн гарсугай хэмээвээс эм махлаг тул гарч чадахгүй Цаосүн санд мэнд эмийн хамт шээсэн гэрт95 далдалсанд самуун цэрэг алжээ. Еншао үхэх алдаж арайхан дутаан гараад Юаньшаог эрэхээр очив. Жанкай, Цаосүнгийн гэрийн бүгдийг алж дуусгаад эд таваарыг цөм авч сүмд гал талбисан хойно өөрийн таван зуун хүмүүн лүгээ Хуайнаньд очив. Хожмын хүмүүн шүлэглэсэн шүлгийн үг:

“Цаоцао зусар зальхайгаар ертөнц дахинд алдартай

Лю Бошөгийн нэгэн гэрийг учиргүй алсан бөлгөө

Эдүгээ түүний өрхийн хотлоор хүмүүнд алагдсаныг үзэхүл

Эрхт тэнгэрийн гэгээн нүдэнд оногдсон нь илт болой”

Түүнээс Еншаогийн доорх цэрэг дутаан гараад Цаоцаод очиж хэлсэнд Цаоцао сонсоод уйлж хөсөр унав. Олон хүмүүн даруй авран босгосон хойно Цаоцао шүдээ зууж занан өгүүрүүн: “Таоцянь цэрэг талбин гаргаж миний эцгийг алав. Энэ өшөө хамт тэнгэрийн дор байж болохгүй! Би эдүгээ их цэргийг авч Сюйжоуг угаан арилгаваас сая миний заналыг цагаатгамуй!” хэмээгээд Сюнь Юй, Чэн йд гурван түмэн цэрэг өгч Зюаньчэн, Фаньсян, Дун ангийн гурван хошууг сахиулаад өөрийг үлдээлгүй дагуулан Сюйжоу мужийн зүг алахаар ирэв. Ся Хоудүнь, Юйзинь, Дяньвэйг гавшгай болгосон хойно зарлаж өгүүлрүүн: “Аливаа хот балгасныг олбоос доорх ардыг дуустал алж эцгийн өшөөг хариулсугай!” хэмээв.

93 Хувраг гэсэн утгасан үг

94 Татвар эм, бага эхнэр

95 Жорлон

Тухайд Зюзянгийн Тайшоу түшмэл Бяньран, Таоцянь лугаа гүн найрласан гул Сюйжоу мужид зовлон тусав хэмээн сонсоод өөрөө таван мянган цэргийг дагуулан өмөглөхөөр ирснийг Цаоцао сонсоод их л хилэгнэн даруй Сяо Хоудүнийг илгээн зам тосож алуулав. Тэр цагт Чэньгүн Дунзюньгийн Цунши болж байсан бөлгөө. Бас ч Таоцянь лугаа амраг тул Цаоцао цэрэг авч эцгийн хариуг авахын учир “Зуун овогтыг цөм алмуй!” хэмээснийг сонсоод шөнө дөлөөр Цаоцаод золгохоор ирэв. Цаоцао түүний Таоцяньгийн төлөө хэлэхээр ирснийг мэдээд уулзахгүй хэмээн санасан боловч бас ч урьдын ачийг үгүй болгон чадахгүй тул залж оруулав. Чэньгүн өгүүлрүүн: “Эдүгээ сонсвоос гэгээн гүн их цэргийг бартал мордуулж Сюйжоугийн газрыг дайлахаар ирээд эрхэм эцгийн хариуг авахын учир хүрсэн эл газрын иргэнийг дуустал алахаар шийдсэн хэмээмүй. Тийнхүү би тухайлан хэлэлцэхээр ирэв. Таоцянь нь өршөөл журамт эрдэмтэн сайд, эдийг ховдоглон журмыг умартах хүмүүн бус. Эрхэм эцгийн хорлогдсон нь Жанкайгийн муугаас бус Таоцяньгийн ял бус болой. Нэндээ муж хошуудын иргэн гүн лүгээ ямар өшөөтэй буй. Албаас сайнгүй. Дахин давтан хянаж сая явуулахыг хүсмүй!” хэмээсэнд Цаоцао хилэгнэж өгүүлрүүн: “Эрт гүн чи намайг орхиж одсон бөлгөө. Энэ өдөр ямар нүүрээр дахин золгохоор ирэв. Таоцянъ миний гэрийн бүхнийг алсан тул би ам алдаж түүний цөсийг огтлон зүрхийг сугалж миний хорслоо арилгасугай! гүн чи Таоцяньгийн төлөө зорин ирж хэлэлцэвч би сонсохгүйг яанам” хэмээсэнд Чэньгүн дув дуугүй гарч ирээд шүүрс алдаж өгүүлрүүн: “Би ямар нүүрээр Таоцяньд учрмуй” хэмээгээд морио унаж Чэньлю газрын Тайшоу түшмэл Жанмяог эрж очив.

Тэндээс Цаоцаогийн цэрэг хүрсэн газар хүмүүн ардыг алж хүүр онгоныг цөм ухаж гаргав. Таоцянь Сюйжоуд сууж байхдаа Цаоцаогийн их цэрэг авч эцгийн өсийг авахаар гарч ирээд зуун овогтныг алж байхыг сонсож тэнгэрийн зүг харж уйлан өгүүлрүүн: “Би тэнгэрт ял олсон учир Сюйжоу газрын олон иргэнд энэ мэт их зовлонг эдлүүлэв” хэмээгээд даруй олон түшмэдийг цуглуулж зөвлөхүйд Цаобао өгүүлрүүн: “Цаоцаогийн цэрэг нэгэнтээ хүрч ирсэн тул гараа талбиж үхэхийг хүлээмүй үү. Би эзэнд тусалж дайсныг эвдлэхийг хүсмүй!” хэмээсэнд Таоцянь аргагүй цэрэг дагуулан угтан гараад холоос ажиглан харваас Цаоцаогийн цэрэг газарт хяруу унаж цас шуурсан мэт. Цэргийн дунд хоёр цагаан далбаа босгож дээр нь “Өшөөг хариулан хорслыг арилгамуй!” хэмээн бичжээ. Цаоцао цэргээ жагсааж морио ташуурдан жагсаалын өмнө гарч ирэв. Биед цагаан хуяг өмсөөд ташуураар зааж хараахуйд Таоцянь бас морио унасаар хаалганы тугийн доор гарч бие мэхийн ёсолж өгүүлрүүн: “Таоцянь би угаас гэгээн гүнд янаглая хэмээн тийнхүү Жанкайг зарж хамгаалан хүргүүлсэн бөлгөө. Санамсаргүй тэр боол хулгайн сэтгэлийг халсангүй энэ хэргийг үүсгэжээ. Үнэндээ Таоцянь надад хамаагүй билээ. гэгээн гүн хянан байцаах болов уу?” хэмээсэнд Цаоцао ихэд харааж өгүүлрүүн: “Хөгшин боол миний эцгийг алаад бас дэмий самуун үг хэлмүй. Хэн гарч энэ хөгшин хулгайг амьд баримуй” хэмээсэнд Ся Хоудүнь гарав. Таоцянь яаран хойш жагсаалд орсонд Ся Хоудүнь нэхэж ирсэн тул Цаобао жад барьж морио ташуурдаж угтан гараад хоёул сая байлдтал гэнэт их салхи салхилж элс нисэж чулуу өнхөрсөнд хоёр этгээдийн цэрэг цөм самуураад тус тусдаа цэргээ хураав.

Түүнээс Таоцянь хотод орсон хойно олон лугаа зөвлөж өгүүлрүүн: “Цаоцаогийн цэргийн хүчин ихэд мөчөөрхөхүйеэ бэрх. Би харин биеэ хүлж Цаоцаогийн хүрээнд одоод түүний дураар огтолж хагалахыг хүлээж Сюйжоу хотын зуун овогтын амийг хэлтрүүлсүгэй!” хэмээн үг барахын урьд нэгэн хүмүүн урагш давшиж өгүүлрүүн: “Эзэн гүн Сюйжоуг захирч удсан тул олон иргэн цөм эзний хишгийг санамуй. Эдүгээ Цаоцаогийн цэрэг хэдий олон боловч даруй хотод орж үл чадна. Эзэн гүн олон иргэн лүгээ хотыг бэхлэн сахиж битгий гарагтун! би хэдий эрдэм үгүй боловч нэгэн бяцхан арга хэрэглэж Цаоцаог үхэвч биеийг оршуулах газаргүй болгосугай!” хэмээхүйд олон бүгд цөм цочиж даруй асууруун: “Ямар арга болой. Түргэн хэлэгтүн!” хэмээв. Энэ чухамхүү:

“Харилцан янагласугай хэмээн санаад гэдрэг хорслыг зангидав

Харин үхэх газарт хүрснээ дахин амьдрах замыг олжээ”

Эгнэгт энэ арга өргөсөн хүмүүн хэн болохыг доор бүлэгт үзтүгэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top