Конгрессменууд Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэхийг шаардав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

АНУ-ын Конгрессын гишүүд тус улсын Ерөнхийлөгч Жо Байденд хандан Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлэхийг шаарджээ.

CNN агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ардчилсан нам, Бүгд Найрамдах намын 30 гаруй гишүүн Вашингтоны Киевт нийлүүлж буй зэвсгийн тоо, төрлийг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн байна. Тухайлбал хууль тогтоогчид Украинд сөнөөгч онгоц, холын зайн тусгалтай зенит пуужин болон хөлөг онгоц эсэргүүцэх пуужин нийлүүлэх санал гаргасан байна. Түүнчлэн конгрессменууд Украины талд нисгэгчгүй нисдэг аппарат, танк эсэргүүцэгч “Javelin” пуужингийн цогцолбор, “Stinger” зенит пуужингийн цогцолборын нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт тавьжээ.

Ингэхдээ конгрессменууд өнгөрсөн долоо хоногт Украины талаас ирсэн хүсэлтийн дагуу энэхүү шаардлагыг тавьж байна гэж тус агентлаг тодруулжээ.

Үүнээс өмнө Вашингтон Герман дахь цэргийн баазад байрлаж буй “МиГ-29” сөнөөгч онгоцыг Киевт шилжүүлэх тухай Варшаваас тавьсан саналд татгалзсан хариу өгч байсан билээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков Украины хөрш зэргэлдээх орнуудын нислэгийн талбайг ашиглан Украины цэргийн онгоцыг байрлуулж, улмаар Оросын Зэвсэгт хүчний эсрэг хэрэглэхийг тухайн орныг мөргөлдөөнд оролцсон гэж үзэх болно гэж мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top